НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ

Р.Ханджав
1 цагийн өмнө

АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны 09 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг НҮБ-ын төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтан мэндчилж, дурсгалын зураг авхуулав.

Ерөнхийлөгч дараа нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо.

Дэлхийн 130 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцож байгаа чуулган болон Ерөнхий санал шүүмжлэлийг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар үг хэлнэ.

Ерөнхий санал шүүмжлэлээр улс орнууд үндсэн сэдвээс гадна “Бүс нутгийн мөргөлдөөн ба геополитик”, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ ба тогтвортой хөгжил”, “Дэлхий нийтийн эрүүл мэнд ба шинээр гарч ирж буй сорилтууд”, “Хиймэл оюун ухааны засаглал”, “Хүний эрх ба нийгмийн оролцоо” зэрэг сэдвээр өндөр түвшний хуралдаан, хэлэлцүүлэг хийж, шийдвэр гаргах төлөвтэй байна.

Тухайлбал, цөмийн зэвсгийг бүрэн устгах, сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын санхүүжилтэд шилжих явц, Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгах, COVID-19 цар тахлын сургамж, хариу арга хэмжээ, дэлхийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, хиймэл оюун ухааны аюулгүй, найдвартай, хариуцлагатай хөгжлийг хэрхэн дэмжих зэргийг хэлэлцэнэ.

Мөн Хөгжих эрхийн тухай тунхаглал батлагдсаны 40 жил, Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, үзэн ядах шинжтэй  үзлийн эсрэг Дурбаны тунхаглал болон Үйл ажиллагааны хөтөлбөрийн 25 жилийн ойд зориулсан хурал болох юм.
Түүнчлэн НҮБ-ын үйл ажиллагаа, ил тод байдал, үр ашгийг сайжруулах, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, гишүүн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “НҮБ-80” санаачилгыг урагшлуулах, Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл зэрэг ч хэлэлцэх асуудалд багтжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн бүрэн эрхийн хугацаа энэ оны сүүлээр дуусгавар болно.

Шинэ Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд Чили Улсын Ерөнхийлөгч асан, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар асан Мишель Бачелет, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ребека Гринспан, Сенегал Улсын Ерөнхийлөгч асан Маки Саль, Ерөнхий Ассамблейн дарга асан Мария Фернанда Эспиноса нар нэр дэвших талаар олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байна.

Нэр дэвшигчийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл санал болгосны дараа Ерөнхий Ассамблей батална.

Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганыг Бангладеш Улсын Гадаад хэргийн сайд Халилур Рахман даргалж байгаа бөгөөд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 15 орлогч даргын нэгээр ажиллаж байна.

Халилур Рахман олон талт байгууллагуудад итгэх итгэлийг бэхжүүлэх, НҮБ-ын үр нөлөөг дээшлүүлэх, дэлхий дахинд тулгарч байгаа шинэ сорилтуудад  нийцүүлэн тус байгууллагыг шинэчлэх зэрэг зорилт тавьжээ.

Манай улс 65 жилийн өмнө буюу 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэн түүхтэй.  Өнгөрсөн хугацаанд НҮБ-тай олон чиглэлээр, түүний дотор бүс нутаг, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох зэргээр идэвхтэй хамтран ажилладаг.

Өнгөрсөн жил НҮБ 80 жилийн ойгоо тохиолдуулан Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган, Ерөнхий санал шүүмжлэлийг “Хамтдаа хүчтэй 80 жил болон энх тайван, хөгжил, дэвшил, хүний эрхийн төлөөх илүү сайхан ирээдүй” сэдвээр зохион байгуулсан юм.

НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Баярбаатар: Хар тамхины эсрэг хяналтын сонсгол санаачиллаа 59 минутын өмнө
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ … 1 цагийн өмнө
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ 1 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөл… 12 цагийн өмнө
Г.ТЭМҮҮЛЭНГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТО… 12 цагийн өмнө
Засгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй шийдвэрийг танилцуу… 14 цагийн өмнө
“Хятадын кино долоо хоног” болно 15 цагийн өмнө
Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна 17 цагийн өмнө
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Мил… 17 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний … 17 цагийн өмнө
Хөх хотын Ерөнхий консул Ш.Оргил: Монгол хүн оношоо зөв тогтоолгохын т… Өчигдөр
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулга руу мордлоо Өчигдөр
Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн авто… Өчигдөр
УИХ дахь намын бүлгүүд хуралдана Өчигдөр
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ Н… 2026/09/19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд ор… 2026/09/19
Ерөнхий сайдаа Архангай аймагт төрийн албыг " Ургийн мод" болгож л бай… 2026/09/18
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа 2026/09/18
“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд бат… 2026/09/18