Эрхэм хүндэт Монголчууд аа,
Дэлхийн өнцөг булан бүрд суугаа элэг нэгт ахан дүүс ээ,
Та бүхэндээ Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Одоогоос 102 жилийн өмнө буюу 1924 оны энэ өдөр бидний өвөг дээдэс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, тусгаар тогтнолоо бататгаж, төрийн эрх ард түмний мэдэлд байх зарчмыг хуульчлан тогтоосон нь Монголын төр ёсны түүхэнд шинэ эрин үеийг эхлүүлсэн түүхэн үйл хэрэг байлаа.
Энэхүү түүхэн өдөр бол тусгаар тогтнолын үнэ цэнийг гүнээ ухамсарлахын зэрэгцээ ардчилсан парламентын засаглал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалах бидний үүрэг хариуцлагыг сануулсан өдөр юм.
Өвөг дээдсийнхээ тэмцэж олсон тусгаар тогтнол, үе үеийн Монголчуудын бүтээсэн ардчиллын үнэт зүйлсийг бататган бэхжүүлж, эх орныхоо хөгжил дэвшил, иргэн бүрийн сайн сайхан амьдрал, ирээдүй хойч үеийнхээ төлөө эв эеийг эрхэмлэн, хамтын хүчээр зүтгэх нь өнөөгийн бидний эрхэм үүрэг билээ.
Тусгаар тогтнол бол бидний бахархал, эрх чөлөө бол бидний үнэт зүйл, эв нэгдэл бол бидний хүч юм.
Монгол төрийн дархлаа бат оршиж, Монгол түмний заяа өөдөө, Монгол Улс өнө мөнхөд хөгжин цэцэглэх болтугай!
Хүндэтгэсэн,
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Дашзэгвийн АМАРБАЯСГАЛАН