Энэ сарын 21-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн 1293 метрийн түвшинд 130 тонн даацтай БелАЗ-75131 загварын өөрөө буулгагч автомашин онхолдсон үйлдвэрийн осол гарчээ.
Үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсээс өнөөдөр танилцуулсан “Аюултай тохиолдлын сэрэмжлүүлэг мэдээлэл”-д дурдсанаар осол өдрийн ээлжийн 09:45 цагийн орчимд гарсан байна.
Тухайн үед жолооч ЭКГ №12-оос Ил уурхайн IV овоолго руу хөрс тээвэрлэх ажлыг гүйцэтгэж, дөрөв дэх рейсээ хийж явахдаа замын уруудах хэсэгт автомашинаа онхолдуулжээ.
Ослын улмаас жолооч зөөлөн эдийн гэмтэл авч, Орхон аймгийн БОЭТ-д хүргэгдэн эмнэлгийн тусламж авсан байна.
Ослын шалтгааныг тодруулахаар Орхон аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Гэвч ослын шалтгааныг тогтоогоогүй байхад жолоочийн сахилга, хариуцлагад голлон анхааруулж, сэрэмжлүүлж буй нь ослын бурууг ажилтан ганцаараа үүрэхвий гэсэн эргэлзээ үүсээд байгааг эх сурвалжууд хэлж байна.