Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нар уулзалт хийж, хуулийн салбарын цахимжилтийн талаар санал солилцлоо.
Уулзалтад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, Сайдын зөвлөх С.Оюунбилэг, И-Монгол академи УТҮГ-ын захирал М.Баттулга, Үндэсний дата төв УТҮГ-ын захирал Б.Дагвасүмбэрэл,
ЦХИХХЯ-ны хуулийн хэлтсийн дарга Л.Нямдорж нар оролцов.
Монгол Улсын Засгийн газраас баримталж буй чиглэлийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас бүх салбарын үйл ажиллагааг цахимжуулах, мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод болгох, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад бодлогын түвшинд анхааран ажиллаж байна.
Хууль зүйн салбарын хувьд шүүх засаглал, прокурор, хэрэг бүртгэлт, хэрэг хянан шалгах явцыг цахимжуулах, цахим орчин дахь хуурамч мэдээлэл, залилах гэмт хэргээс сэргийлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зэрэг асуудал тулгамдаад буй.
Иймээс хууль зүйн салбарыг цахимжуулснаар төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх, иргэний хяналт хэрэгжих боломж бүрдэх юм.
Уулзалтаар хоёр яамнаас хамтарсан Ажлын хэсэг байгуулж, хуулийн салбарын цахимжилтыг эрчимжүүлэх, шаардлагатай арга хэмжээ, ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.