Энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгчийн түвшинд 20 жилийн дараа болж буй энэхүү айлчлалын хүрээнд өнгөрсөн 34 жилийн хугацаанд хоёр орны харилцаанд гарсан ололт амжилтыг дүгнэхийн зэрэгцээ Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, уг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлуудыг хэлэлцэнэ.
Ази, Европ тивүүдийг дамнан орших асар уудам газар нутагтай Казахстан бол түрэгийн соёл иргэншлийн өлгий бөгөөд далайд гарцгүй улсуудаас хамгийн том нутагтай юм.
Казахстанчууд эдийн засгаа эрчимтэй хөгжүүлж чадсаны нууцыг судлаачид, шинжээчид ихээхэн сонирхдог. Задран унасан ЗХУ-ын буурин дээр бий болсон шинэ залуу бүгд найрамдах улс өөрийн гэсэн хөгжлийн зам, удирдлагын загварыг сонгож, ирээдүй рүү чиглэсэн эрчимтэй хөгжил рүү тэмүүлж байгаа нь бусад улсын анхаарлыг татах нь зүйн хэрэг.
Тусгаар тогтнолоо зарлаж байсан 1991 онд Казахстанд нөхцөл байдал туйлын хүнд байв. Нэгдүгээрт, далайд гарцгүй байдал нь эдийн засгийн боломжийг хязгаарлаж байв. Хоёрдугаарт, асар том газар нутагт хүн амын нягтрал маш багатай, дээр нь жигд бус байдлаар тархан суурьшиж байлаа. Түүнээс гадна 100 гаруй үндэстэн ястнаас бүрддэг тус улсын уугуул иргэд болох казахууд хүн амын олонх болж чадаагүй байв.
Гуравдугаарт, эдийн засгийн байдал маш хүнд байсан бөгөөд ажилгүйдэл, барааны хомсдол, гиперинфляц нүүрлэжээ. ЗХУ задрах үед Казахстаны эдийн засгийн үзүүлэлтүүд маш муудаж, 1992 онд мөнгөний ханш 2962.81 хувиар унаж байв. Түүнээс гадна ерөнхийлөгчийн ба Дээд Зөвлөлийн гэсэн засаглалын хоёрдмол хэлбэр тогтсон нь шинэчлэл хийхэд саад тотгор болж байв. Мөн иргэд олноороо хилийн чанадыг зорьсон тул мэргэжилтэй боловсон хүчин асар ихээр дутагдаж байлаа. Зөвхөн 1992-1994 онд гэхэд 1.1 сая иргэн эх орноо орхин гарчээ.

Харин өнөөдөр бодит ДНБ-ий жилийн дундаж өсөлтийн үзүүлэлтээр тус улс тэргүүлэгч 5 орны нэг болсон бөгөөд Төв Азийн орнуудын дотроос хамгийн түрүүнд дэлхийн хамгийн том 50 эдийн засгийн тоонд багтлаа. Харин худалдан авах чадварын паритет (PPP) үзүүлэлтээр тооцсон ДНБ-ий хэмжээгээр 36 дугаарт бичигдэж, ДНБ нь 973 тэрбум долларт хүрч, нэг их наяд долларт дөхжээ. Тус улс 2028-2029 онд өндөр орлоготой орнуудын эгнээнд орох зорилт тавьсан байна.
Ингээд хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй тус улсын талаарх сонирхолтой зарим баримтыг толилуулъя.
Ихэнх хүмүүс Нидерланд орныг алтанзул цэцгийн өлгий нутаг гэж боддог. Гэтэл үнэн хэрэг дээрээ 10 сая гаруй жилийн өмнө өнөөгийн Казахстаны нутагт энэ цэцэг ургаж байжээ. Хамгийн гоёмсог цэцэг гэгдэх алтанзулын хамгийн өргөн тархсан төрлүүд бол Грейгийн казах алтанзул, Кауфманы алтанзул юм.
...Казахстаны нийслэл Астана бол Улаанбаатарын дараа орох хүйтэн нийслэл хот юм. Зундаа +42,6 °C, өвөлдөө −51,6 °C хүрч хүйтэрсэн тохиолдлууд бүртгэгджээ. “Деньги” гэдэг орос үг нь Казахстаны үндэсний мөнгөн тэмдэгтийн нэр болох “тенге” гэдэг түрэг үгнээс гаралтай ажээ.
...Зөвлөлтийн үеийн нэгэн сонирхолтой баримтыг өгүүлэхэд, 1977 онд Караганда хотын амьтны хүрээлэнд дэлхийд анхных болох “ярьдаг заан” амьдардаг байсан гэнэ. “Батыр” гэдэг нэртэй уг энэтхэг заан хүмүүсийн яриа, нохой хуцахыг дууриаж чаддаг байжээ. Мөн өөрийнхөө нэрийг хэлж, зоопаркийн ажилтнуудаас ус гуйж уудаг байв. Түүнчлэн “сайн”, “тэнэг” гэх мэт үгсийг хэлдэг байсан төдийгүй гурван үсэгтэй хараалыг ч хэлж сурснаар ЗХУ төдийгүй олон улсад “од” болжээ. Энэхүү ер бусын амьтан 23 нас хүрээд 1993 онд нас барсан байна.

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ОН ЦАГИЙН ТОВЧООН
1992.01.22
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс дипломат харилцаа тогтоов.
1992 он
Монгол Улс ЭСЯ-аа Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хотод нээж, 2010 онд Астана хотод шилжүүлэв.
1993, 1999, 2008 он
Бүгд найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев Монгол Улсад айлчлал хийв.
1994 он
Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлав.
1997 он
Бүгд Найрамдах Казахстан Улс Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээв.
1998 он
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлал хийв.
2007 он
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлав.
2017 он
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Казахстаны Астана хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцов.
2019 он
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлав.
2023.09.19-23
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
2024.07.3-4
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох үеэр тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай уулзав.

2024.10.28-29
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийв. Энэхүү төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжсэн айлчлал боллоо.
2025 он
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлав.