Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Р.Ханджав
Өчигдөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёсолсны дараа, Ерөнхийлөгч Яков Милатович Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.

Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, олон улсын байгууллагуудын Суурин төлөөлөгч болон албаны хүмүүстэй мэндчиллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович, гэргий Л.Болорцэцэг, Милена Милатович нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Яков Милатович Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Дараа нь хоёр улсын төрийн тэргүүн, гэргий нар товч уулзалт хийлээ.

2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 онд Баку хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх конвенцын оролцогч талуудын дээд түвшний уулзалт болон 2025 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Нью-Йорк хотноо Ерөнхийлөгч Яков Милатовичтай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож байсан юм.

Монтенегро Улс 630 гаруй мянган хүн амтай, 13,812 км² газар нутагтай. Серби, Босни ба Херцеговин, Хорват, Албани Улстай хиллэдэг. Парламентын засаглалтай.

XX зуунаас Балканы бүс нутаг дахь аялал жуулчлал, үйлчилгээний төв байсаар ирсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 9 тэрбум гаруй ам.доллар бөгөөд 30 хүртэл хувийг аялал жуулчлал, зочид буудал, үйлчилгээ, тээвэр зуучлалын салбар бүрдүүлдэг.

Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 14 мянган ам.доллар.

Өнгөрсөн онд 2.8 сая жуулчин хүлээн авсны зэрэгцээ дэд бүтэц, эрчим хүч, мэдээллийн технологи, логистик, далайн эдийн засаг, хөдөө аж ахуй болон өндөр нэмүү өртөгтэй үйлдвэрлэл хөгжүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгө оруулалт татах зэрэгт онцгой анхаарч байна.

Монтенегро нь НАТО-гийн гишүүн орон бөгөөд 2028 онд Европын Холбоонд элсэх зорилт тавьсан.

Манай хоёр улс хамтран 2023 онд нийслэл Подгорица хотноо “Хот мандал-нууц тарнийн сүм” зургийн үзэсгэлэн гаргаж, монтенегро хэлнээ орчуулсан “Монголын орчин цагийн өгүүллэг” номын нээлтийг 2025 онд мөн хотноо хийж байсан.

Дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан шуудангийн дурсгалын маркийг өнгөрсөн зургаадугаар сард хамтран гаргаад байна.

Тус улсын нэрт аялагч, продюсер Эдин Крничийн Монголд хийсэн аялал, түүх, соёл, зан заншил, уламжлал, байгаль, нүүдэлчин ахуй, онцлогийг харуулсан нэвтрүүлгийг Үндэсний радио, телевиз нь 2023, 2024 онд үзэгчдийн хүртээл болгож байжээ.

Манай улсын хувьд Монтенегро нь Европын зах зээлд гарах боломж бөгөөд Европын Холбооны бодлого, Балканы бүсийн тээвэр-логистикийн сүлжээ, аялал жуулчлал, байгаль орчин, уулын экосистемийн хамгаалал зэрэг чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой гэж судлаачид үзэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО 7 цагийн өмнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Т… 7 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИ… Өчигдөр
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны гэр… Өчигдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл м… Өчигдөр
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-… Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН Т… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛ ТӨСВӨӨ ИРГЭДДЭЭ ЗО… 2026/09/07
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намы… 2026/09/07
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОТООДЫН ЦЭРГИЙН… 2026/09/07
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн то… 2026/09/07
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга… 2026/09/07
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошим… 2026/09/03
ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ … 2026/09/03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/03
Г.Дамдинням: БНХАУ манай улсад ХЯЗГААРЛАЛТГҮЙ шатахуун олгохоор боллоо 2026/09/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор … 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулза… 2026/09/02