ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол

Р.Ханджав
12 цагийн өмнө

Ханбогд хайрханы мэлмий дор, урд хөршийн хилээс гурван өртөөний дайд Оюу толгойн уурхай, үйлдвэрийн аварга цогцолбор сүндэрлэж харагдана. Уг цогцолбор нь тэнгэрээс нэг өдөр бууж ирээгүй.

Эх газрын гүнд балар цагаас нойрсож ирсэн зэс, алт өөрөө сэрж, газрын хөрсийг нэвтлэн оргилж, нийгмийн баялаг болж хувираагүй гэдэгт эргэлзэх хүмүүн эс олдох буйзаа. Харин түүнийг хүмүүний оюун ухаан, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөр, хөрөнгө, техник, технологийн хүчээр эдийн засгийн эргэлтэд оруулжээ.

Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос олон мянган залуус сэтгэлийнхээ дуудлагаар Оюу толгойн их бүтээн байгуулалтын талбайг зорьж иржээ. Тэд бээр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн инженер, уурхайчин, техникийн ажилтан, мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн цуцалтгүй зүтгэсэн. Чингэхдээ говийн халуун нарыг ч, тэсгэм өвлийн жаврыг ч, ширүүн угалз шуургыг ч эс ажран, гэр орон, хань ижил, үр хүүхэд, хайртай хүмүүсээсээ алсад хөдөлмөрлөж ирсэн бөлгөө.

Тэдний хамтын хүч хөдөлмөр, бүтээлч чармайлтаар бүтсэн орчин үеийн өндөр технологийн зэсийн уурхай, аж үйлдвэрийн цогцолбор эдүгээ говь нутагт цагийн зүүтэй уралдан ажиллаж буй нь бахархалтай.

2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш эрчимжсэн бүтээн байгуулалт амаргүй олон сорилт, хүндрэл, саад бэрхшээлийг туулж баймааж 2013 оны зун ил уурхайгаас анхны баяжмалаа экспортолж, 2023 оны хавар гүний уурхайнхаа олборлолтыг эхлүүлсэн билээ.

Өдгөө Оюу толгой нийт 17 мянга орчим ажиллах хүчтэй бөгөөд тэдний 97.8 хувь нь монголчууд аж. Энэ нь үндэсний олон зуун ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчдийн мянга мянган хөдөлмөрч хүмүүнийг багтаасан тоо. Тэдний өдөр тутмын ажлын ард гэр бүл, үр хүүхдийнх нь ахуй амьдрал оршино.

Оюу толгой ХХК нь 2010-2026 оны эхний хагас хүртэл татвар, хураамж болон бусад төлбөрт нийт 6.3 тэрбум ам.доллар төлжээ. Түүнчлэн мөн хугацаанд дотооддоо хийсэн худалдан авалт нь 15 тэрбум ам.долларт хүрсэн байна. 2026 оны хоёрдугаар улирлын дүнгээр тус компанийн 700 орчим ханган нийлүүлэгчийн 520 гаруй нь манай үндэсний аж ахуйн нэгж ажгуу.

Эдгээр цөөхөн тоо баримтыг татаж өгүүлэхдээ Оюу толгойг магтах гэсэндээ бус, харин түүнийг өнөөдрийн өндөрлөгт хүргэхийн тулд нар, сартай уралдан ханцуй шамлан зүтгэсэн оюу толгойчууд, тэдний түнш хийгээд хамтран ажилладаг байгууллага, компаниудын хамт олны зүтгэл чармайлтын үр дүнгээс ганц хоёрхон жишээ дурдах гэсэн юм. Оюу толгойн өсөлт, хөгжлийн түүчээнд эдгээр бүх хүний шаргуу зүтгэлийн халуун хөлсний дусал шингэсэн нь бахархалтай.

Гэхдээ оюу толгойчуудын туулсан бүтээн байгуулалтын урт зам дардан байгаагүй аж.

Уг төслийг хэрэгжүүлэх явцад хувьцаа эзэмшигчдийн дунд үүссэн зарим үл ойлголцол, зарчмын зөрүүтэй асуудлын улмаас гүний уурхайн бүтээн байгуулалт 2013 онд саатаж, 2016 онд дахин сэргэж хөдөлсөн түүхтэй. Үүнтэй зэрэгцэн улс төр, олон нийтийн хэл ам ч Оюу толгой гэдэг айлыг тойрсонгүй. Учир нь юу гэхүл хувьцаа эзэмшигчдийн хоорондын мэтгэлцээн, татварын маргаан, санхүүжилтийн бүтэц, менежментийн төлбөр, Онтрэ-гийн лиценз зэрэг асуудал он дамжин сунжирчээ. Эдгээр нь хувьцаа эзэмшигч талуудын түвшинд хэлэлцэн шийдвэрлэх асуудал шүү дээ. Харин эдгээр сунжирсан маргааны сүүдэр нь Оюу толгойн олон мянган ажилтан, инженер, уурхайчин, мөн удирдлагын багийн хувьд “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” нөхцөл үүсгэж, тэдний нэр хүнд, урам зоригт нь ч хүндээр тусч ирсэн санж.

Уг нь Оюу толгой ХХК болбоос хувьцаа эзэмшигч хоёр талын байгуулсан гэрээ, хамтран гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн уурхайгаа бүтээн босгож, улмаар аюулгүй, тогтвортой, үр ашигтай ажиллуулах үндсэн үүрэгтэй аж ахуйн нэгж. Энэ утгаараа Оюу толгой бол Эрдэнэт, Таван толгой, Шарын гол, Багануурын нэгэн адил уурхайн үйлдвэрлэл эрхэлж буй компани. Оюу толгойчууд ч ижилхэн уурхайчид.

Тэнд манай орны уул уурхайн салбарын төрөл бүрийн мэргэжилтэн, түүний дотор гүний уурхайн нарийн мэргэжлийн шинэ үеийн “хүмүүн капитал” төрж бойжиж буй онцлогтойг энэ ялдамд дурдъя. Өөрөөр хэлбэл, инженерийн нарийн ур чадвар, шинэ технологи эзэмшсэн, мэргэжлийн сахилга бат, аюулгүй ажиллагааны соёлд суралцсан, дэлхийд өрсөлдөх чадвартай уул уурхайн мэрэгжилтнүүдийн шинэ үе бий болсон гэсэн үг. Энэ нь бусад уурхайгаас ялгагдах нэг онцлог.  

Оюу толгойн бүтээн байгуулалтын үр нөлөө зөвхөн уул уурхай, аж үйлдвэр, экспорт зэрэг салбараар хязгаарлагдахгүй. Түүнд Монгол Улсын эдийн засгийн гадаад бодлогын нэгэн онцлог хэмжээс бий. Тэр нь манай улсын гуравдагч хөршийн бодлогын хэрэгжилттэй холбоотой. 1990-ээд онд Монголын ардчилал, зах зээлийн шилжилт нь гуравдагч хөрш орнуудын зээл, тусламжид тулгуурлаж байсан бол шинэ зуунд энэ харилцаа нь хөрөнгө оруулалт, технологи, үйлдвэрлэл, экспорт, олон улсын санхүүжилтийн хэлбэрээр өргөжив. Оюу толгой бол энэ чиглэлийн анхдагч томоохон төсөл бөгөөд манай улсын гуравдагч хөршийн бодлогын эдийн засгийн түншлэлийн бодит жишээ юм. Энэ бол Оюу толгойн хамт олны гардан гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын өөр нэг онцлог.

Энэ их үйлсийг анх сэдэж, газрын хэвлий дэх ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах арга зам, гарц хайж, хөрөнгө оруулагчидтай хэлэлцэж, гэрээ байгуулж, төслийг хөдөлгөхийн төлөө оюун ухаан, хичээл зүтгэлээ зориулж ирсэн төрийн албан хаагч, геологич, инженер, дипломатч зэрэг олон зуун хүмүүн ч бас бий. Тэд бээр Оюу толгойн түүхийн нэгэн хэсэг. Эдгээр хүмүүний хөдөлмөр, хичээл зүтгэлийг цаг хугацаа цэгнэх буйзаа.

Ер нь Оюу толгой компанийн нийт бүтээн байгуулалт, үйл ажиллагааны туулж ирсэн замналыг төгс гэж хэлэхийг мөхөс бичээч зорьсонгүй. Өндөг шиг өөгүй бүтээл хүмүүнийг өөрийг нь бүтээсэн эх байгалийн урланд ч эс олдох буйзаа. Энэхүү харьцангуй залуу компани болбоос цагийн эрхэнд улам чамбайрч таарна.

Харин Оюу толгойн ордыг ашиглалтанд оруулж, Ханбогд сумын хөгжилд шинэ өнгө төрх нэмж, улс орныхоо нэрийг дэлхийн уул уурхайн газрын зурагт улам бүр тодотгож буй оюу толгойчуудын хөдөлмөр, зүтгэлийг нь гэрээ, санхүүжилт, зээлийн хүү, татвар, ногдол ашиг зэрэгтэй холбогдох мэтгэлцээнтэй хольж хутгаж ирсэн нь харамсалтай.

Хувьцаа эзэмшигч талуудын хувьд олон жил сунжирсан эдгээр асуудлаа улам бүтээлч, чамбай хэлэлцэж, харилцан ашигтай нэг мөр болгон шийдвэрлэх цаг нэгэнт тулж ирээд байна. Хэрүүлтэй газарт чөтгөр ч тогтдоггүй гэдэг. Тэд түншлэлийн харилцаагаа төвхнүүлж чадваас оюу толгойчууд ч урам зоригоор тэтгэгдэн улам илүү эрчтэй ажиллах нөхцөл бүрдэх учиртай.

Гэхдээ дээрх байдлаас эс шалтгаалан Оюу толгойн бүх үйл ажиллагаа, түүний дотор гүний уурхайн олборлолт нь хором бүртэй уралдан үргэлжилдэг. Газрын гадаргаас 1.3 километр хүртэлх гүнд үргэлжлэх хөдөлмөрийн талбарт жилийн 365 хоног, хоногийн 24 цагийн турш уурхайчид нийгмийн баялаг бүтээнэ. Арван хоёр цагийн нэг ээлжинд 1,100 гаруй уурхайчин газрын гүнд хөдөлмөрлөнө. Тэдэнтэй зэрэгцэн олон зуун аварга машин техник ажиллаж,  газрын гадарга дээрх Цахим хяналтын төвөөс гүний уурхайн энэхүү асар том бөгөөд чимхлүүр үйл ажиллагааг нэгтгэн зохицуулж удирдана. Энэ бол уг цогцолборын зөвхөн нэг хэсгийн ерөнхий дүр зураг. Газар дээр ч ажил, амьдрал ундарч байдаг тухай өгүүлэх нь илүүц бизээ.

Хувьцаа эзэмшигч талуудын байгуулсан гэрээ, оруулсан хөрөнгө, технологи, тоног төхөөрөмж хэчнээн чухал боловч тэдгээр нь өөрсдөө газрын хэвлийнээс хүдэр олборлох, баяжмал үйлдвэрлэх, экспортлох замаар улсын сан хөмрөгт вапютын орлого оруулахгүй. Эцсийн дүнд эрдэнэт хүмүүний гараар л нийгмийн баялаг бүтнэ.

Оюу толгойг өлгийдсөн, өсгөж торниулсан, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн олон мянган хүний ажил хөдөлмөрийн үнэ цэнийг зөвхөн “зоосны нүх”-ээр харж үнэлэх нь учир дутагдалтай.

Оюу толгойн ажиллах хүч, тэдний мэдлэг, ур чадвар, шантаршгүй хөдөлмөр нь эдүгээ ч, цаашдаа ч тус уурхайн үйлдвэрлэл, экспортын тогтвортой хөгжлийн үндэс байх болно. Энэ нь улс орны экспорт, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, үндэсний уул уурхай, аж үйлдвэрийн хөгжлийг эрчимжүүлэх, улмаар улс орны эдийн засгийн чадавхыг бэхжүүлэхэд бодит тус дэм болох учиртай. Тэд бээр Оюу толгой лугаа адил цөөнгүй уурхай, үйлдвэрийн цогцолборыг  эх орондоо бүтээн байгуулах үндэсний “амьд капитал”, хөдөлгүүр хүч мөн буйзаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны гуравдугаар сард Оюу толгойн гүний уурхайтай танилцахдаа: “Оюу толгойн нөөцийг баялаг болгон хувиргаж, улс орон, ард түмэндээ үр өгөөж болгон хүртээхэд хүчин зүтгэж буй 20 гаруй мянган монгол залуус Та бүхнээр бахархаж байна. Монгол залуустай мөр зэрэгцэн ажиллаж, эрдэм мэдлэгээ хуваалцаж байгаа гадаад, дотоодын мэргэжилтнүүддээ бас талархаж байна” хэмээн урам хайрлажээ.

Анх удаа төр, засгаасаа бал бурамаас ч илүү амттай урам зориг хүртсэндээ оюу толгойчууд ихэд баярласан гэдэг. Хүмүүнийг шүлбүүрээр биш, урмаар хөдөлгөдөг гэдэг нь юутай үнэн үг вэ.

Төр маань “зоосон капитал”-аас илүү эрдэнэт “хүмүүн капитал”-аа дээдэлдэгийн нэгэн илэрхийлэл энэ буюу.

А.Дорж

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 1 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 10 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 11 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 12 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 14 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21