Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа

Р.Ханджав
2026/08/21

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалт, хадлан тэжээлийн бэлтгэл ажлын явц, орон нутгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилттэй танилцлаа.

Ажлын хүрээнд Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Хос бэрс агро ферм” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, газар тариалан болон эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй үйлдвэрлэлийн үйл явцыг үзэж сонирхов.

Тус компани нь газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх замаар хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, орон нутагт тогтвортой ажлын байр бий болгох, хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна. Өнөөдрийн байдлаар 1600 орчим га эргэлтийн талбайд улаан буудай, хөх тариа, овьёос, таримал тэжээл зэргийг тариалж, малын тэжээлийн хэрэгцээнийхээ дийлэнх хэсгийг дотоодоосоо бүрдүүлдэг байна.

Мөн эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр саалийн үнээний фермерийн аж ахуй эрхэлж, 160 гаруй үхэр, 1000 гаруй бог мал өсгөн үржүүлж байна. Өндөр ашиг шимт сүүний чиглэлийн үүлдрийн үхрийг нутагшуулан, зохиомол хээлтүүлгийн аргаар цөм сүргээ нэмэгдүүлж байгаа нь салбарын хөгжлийн сайн жишээ болж байгааг онцоллоо. Тус ферм зуны улиралд хоногт 1.2 тонн хүртэл сүү үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд үйлдвэрлэсэн сүүгээ жилийн дөрвөн улирлын турш дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд тогтмол нийлүүлдэг аж.

Түүнчлэн газар тариалан, мал аж ахуйг уялдуулан хөгжүүлж, тэжээлийн зардлынхаа 80 орчим хувийг өөрсдийн үйлдвэрлэлээр хангаж, эрдэнэшиш, ногоон тэжээл зэрэг таримлыг тариалан малын тэжээлээ бэлтгэдэг нь бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх бодитой туршлага болж байгааг талууд онцолсон юм.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ үеэр “Сүү бол хүн амын хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн. Тиймээс дотоодын сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, импортын хараат байдлыг бууруулахын тулд фермерүүдийг төрийн бодлогоор тогтвортой дэмжих шаардлагатай” хэмээн онцлов.

Тэрбээр цаашид сүүний литр тутмын урамшууллын тогтолцоог үргэлжлүүлэх, хамрах хугацааг сунгах, сүүний фермерүүдийн тэжээл тариалах газрын асуудлыг шийдвэрлэх, мөн татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх чиглэлээр холбогдох саналуудыг судалж, бодлогын түвшинд анхаарч ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Төв аймаг дахь ажлын айлчлалын үеэр газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн уялдаа холбоог амжилттай хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих нь хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 13 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 14 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 15 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21