Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

Р.Ханджав
55 минутын өмнө

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны адаг Хөхөгчин хонь сарын арван есөн буюу 2026 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол Чөчү хайрхны тахилгат овоонд боллоо.

Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо.

Тахилгын өмнөх орой Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн лам нар Итгэл, Санжаанамсиг, Зүгдор, Тамжаджав, Хорвоонжиг, Сэртүв, Одсүрэн, Шагжтүв болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.

Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.

Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Хөвсгөл аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.

Лам, хуврагууд ном уншиж, дун, хэнгэрэг зэрэг хөгжим эгшиглүүлэн овооны эздийг урин залах зан үйл үйлдлээ. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын бүжигчид лусыг баясгаж хатдын бүжиг бүжиглэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монголчуудын мянга мянган жилийн түүхтэй уул овоо, ус мөрний тахилга бол эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа, үүрэг, хариуцлага бөгөөд улсын үндэс болсон газар нутгаа тамгалан тогтоож, өв соёл, үүх түүх, зан заншлаа ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулах төрийн их ёслол гэдгийг тэмдэглэлээ.

Олон мянган жилийн тэртээгээс хүн зон, амьтан, ургамал, амьтай бүхнийг ундаалан тэтгэж ирсэн Хөвсгөл нуураа монголчууд “Далай ээж” хэмээн нэрийдэж, ижий шигээ дээдлэн хүндэтгэдэг түүхэн уламжлалтайг дурдав.

Байгалийн унаган төрхийг хадгалах, экосистемийг хамгаалахад монголчуудын уул овооны тахилга өндөр ач холбогдолтой хэмээн үзэж, ЮНЕСКО-гоос “Уул овоо тахих монгол зан үйл”-ийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэснийг тэмдэглэлээ.

Мөн төрийн тахилгат хайрхдын судалгаа, шинжилгээг хийлгэж, тахилгын уламжлал, зан үйл, дэг ёс, уул, усны онцлогийг нь тодруулан судалж, сурталчлан таниулж байгааг онцлов.

Тэрбээр Хөвсгөл нуурын эх, хүү 13 овооны тэнгэр, Цогт охин тэнгэрийн дүрт лус, найман аймгийн нөхөд төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж, эх дэлхий этүгэн газраа рашаан усаараа мөнхөж тэтгэж байхыг сүслэн даатгалаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо Хөвсгөл нуурын лус, савдагт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хөвсгөл аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Л.Төмөрбаатарт гардуулан өглөө.

Соёлын тэргүүний ажилтан Б.Нарандэлгэр “Далай ээжийн магтаал”-ыг хайллаа.

Дараа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх идээ будаа, амттаны дээжийг хангай, дэлхийд өргөлөө.

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан П.Амарсайхан “Монгол далай” дууг дуулж, лус, савдагт хүндэтгэл илэрхийлэв.

Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Хөвсгөл аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх овооны өмнө мэхийн ёсолж, лус, савдагт дахин хүндэтгэл үзүүлснээр төрийн тахилгын ёслол өндөрлөлөө.

Манай улсын гадаргын цэвэр усны нөөцийн 70 гаруй хувийг бүрдүүлдэг, Төв Азийн гадаргын цэнгэг усны эх, нэн ховор араатан, жигүүртний өлгий нутаг болсон  нуурын цэвэр цэнгэг, ариун дагшин байдал, унаган төрх, ургамал, амьтан, түүх, соёлын дурсгалыг хадгалан хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлигийг Гал морин жилд буулгасан.

Нуурыг хамгаалах санаачилга гаргасны дагуу нуурт живсэн усан онгоц, машин, техникийг 2021-2025 онд татан гаргасан юм.

Ингэснээр 50 орчим мянган литр шатахуун, тос, тосолгооны материал, аюултай хог хаягдал нууранд алдагдахаас сэргийлж чадсан.

Энэ жил Хөвсгөл нуурын орчмыг цэвэрлэх хоёр сарын аян өрнүүлж, нуурыг судлах Олон улсын төв байгуулаад байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа 14 минутын өмнө
Шатахууны нийлүүлэлт, нөөцийн асуудлаар Шуурхай штаб өнөөдөр хуралдана 46 минутын өмнө
АИ-92 бензиний нийлүүлэлт үргэлжилж байна: Сүүлийн 3 өдөрт 76 вагон, 5… 49 минутын өмнө
Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо 55 минутын өмнө
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 105 жилийн ой тохиож … 2026/07/31
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төв… 2026/07/31
Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр аж… 2026/07/31
Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр т… 2026/07/31
Байнгын хорооны дарга М.Мандхай Камбожийн Хааны Академийн ерөнхийлөгчи… 2026/07/31
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна 2026/07/31
Бүгд Найрамдах Киргиз Улстай худалдаа, тээвэр, логистикийн хамтын ажил… 2026/07/31
“Сэлбэ ухаалаг хот” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны х… 2026/07/31
Монгол Улсын хуулиудын 55.9 хувьд хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэ… 2026/07/30
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуур… 2026/07/30
Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ 2026/07/29
“Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд… 2026/07/29
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна 2026/07/29
Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд … 2026/07/29
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэ… 2026/07/29
Нийгмийн даатгалын уламжлалт тогтолцоог шинэчилж, тэтгэврийн мөнгөн ху… 2026/07/28