Байнгын хорооны дарга М.Мандхай Камбожийн Хааны Академийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Р.Ханджав
2026/07/31

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр (2026.07.31) Камбожийн Хаант Улсын Хааны академийн ерөнхийлөгч Сок Төүч тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олон нам, эвслийн төлөөллийг хангасан, анхны 126 гишүүнтэй Монгол Улсын парламентын талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай танилцууллаа. Монгол Улс ирэх 8 дугаар сард Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулж буйг дуулгав.

Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал нь НҮБ-аас зарласан “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-тэй уялдан зохион байгуулагдах тул бэлчээрийн тогтвортой менежмент, дасан зохицох арга хэлбэр, дэлхийн хэмжээнд бэлчээрийн экосистемээс шууд хамааралтай 1 тэрбум гаруй хүний амьжиргааны асуудлыг олон улсын анхаарлын төвд хүргэхэд чухал дэмжлэг болно гэдэгт итгэж байгаагаа тэрбээр илэрхийллээ.

Монгол Улс газрыг нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, уур амьсгалд өөрчлөлтөд дасан зохицсон, тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” олон нийтэд түшиглэсэн хөдөөгийн хөгжлийн санаачилга, “Хүнсний хувьсгал” хөдөө аж ахуй, хөрс хамгааллын санаачилгыг дэвшүүлж, ган, цөлжилтийн эсрэг эдийн засгаа сайжруулах, хөдөөгийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийн бүтээмжийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд бодлогоо тодорхойлон ажиллаж байгааг Байнгын хорооны дарга М.Мандхай хэлэв.

Түүнчлэн бэлчээрээс хамааралтай нүүдлийн мал аж ахуй, өв уламжлалыг хадгалах зорилгоор бэлчээр хамгааллын арга механизмыг өөрийн улсын онцлогт тохируулан хэрэгжүүлэхэд анхаарч, бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр идэвхийлэн ажиллаж байгаагаа илэрхийлсэн.

Монгол Улсад айлчилж, хөдөө аж ахуй, газар тариалангийн хөгжлийн боломж, байгаль орчны онцлогтой танилцахын зэрэгцээ монгол түмний найрсаг харилцаа, өвөрмөц соёл, уламжлалтай танилцсандаа баяртай байгаагаа Камбожийн Хааны Академийн ерөнхийлөгч Сок Төүч илэрхийллээ. Тэрбээр Камбожийн эдийн засагт хөдөө аж ахуйн салбар чухал байр суурь эзэлдэг бөгөөд хүн амын ихээхэн хэсэг энэ салбарт ажилладаг болохыг дурдсан.

Энэ хүрээнд Монгол, Камбож улсууд тогтвортой хөдөө аж ахуй, ургамлын үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга технологи, эрдэм шинжилгээ, инновац, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломжтой гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм. Иймд дээрх чиглэлүүдээр хамтран ажиллах боломж, харилцан туршлага солилцох боломж олгон, цаг зав гарган хүлээн авсан Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхайд талархал илэрхийлэв.

Талууд уулзалтаар Монгол Улс, Камбожийн Хаант Улсын хөдөө аж ахуйн салбар, ялангуяа бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжил, малын үүлдэр угсааг сайжруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын төгсөлд Байнгын хорооны дарга М.Мандхай Монгол, Камбож улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлогын орчныг бэхжүүлэх, хоёр улсын туршлага, сайн туршлагыг харилцан солилцох, цаашдын хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг тодорхойлох зэрэг асуудлыг хөндөж, санал солилцож, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад Камбожийн Хааны Академийн Олон нийттэй харилцах, зочлох үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Сеюн Сэм болон албаны бусад хүмүүс оролцсон хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 14 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 17 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21