УИХ 35 удаагийн нэгдсэн хуралдаан, 127 удаагийн Байнгын хорооны хуралдаанаар 263 асуудал шийдвэрлэжээ

Р.Ханджав
1 цагийн өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнгийн талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийж, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын хяналт, ил тод байдал, иргэдийн оролцоог өргөжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.  

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, 2026 оны хаврын ээлжит чуулганыг иргэн төвтэй, нээлттэй парламентын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгож, эдийн засаг, бизнесийн орчин, иргэдийн амьжиргааг дэмжсэн эрх зүйн шинэчлэлийн чуулган болсон” хэмээн цохон тэмдэглэв. Энэ удаагийн хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ 35 удаагийн нэгдсэн хуралдаан, 127 удаагийн Байнгын хорооны хуралдааныг зохион байгуулж, 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Төлөвлөсөн 35 удаагийн нэгдсэн хуралдааныг бүрэн зохион байгуулж, чуулганы дундаж ирц 82 хувь хүрсэн нь өмнөх намрын чуулганы үзүүлэлтээс таван хувиар өссөн үзүүлэлт аж. Мөн хаврын чуулганаар нийт 278 хууль, тогтоомж баталж, иргэдийн орлого, бизнесийн орчин, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, байгаль орчин зэрэг салбарын эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх суурийг бүрдүүлсэн байна.

Хаврын чуулганаар баталсан онцлох хэд хэдэн хууль тогтоомжийг нэрлэж болно. Тухайлбал, Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Онцгой албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, татварын багц шинэчлэлийг баталснаар татварын шатлалыг өөрчилж, иргэдийн орлогыг хамгаалах, бизнес эрхлэх орчныг сайжруулах томоохон шинэчлэлийг хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд 1.3 сая татвар төлөгч иргэн жил бүр татварт төлдөг байсан 2 сая төгрөгөө өөртөө үлдээж, өрхийн амьжиргаандаа зарцуулах боломж бүрдсэн бөгөөд анхны орон сууц худалдан авч буй иргэдийг татварын бодлогоор дэмжих эрх зүйн орчин бүрдсэнийг онцоллоо.

Мөн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлан төр, хувийн хэвшлийн харилцааг тодорхой болгож, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, бизнесийн орчин тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой болж, хөрөнгө оруулалтыг дэмжих суурь зохицуулалтыг бүрдүүлсэн байна. Үүний зэрэгцээ зөвшөөрлийн тогтолцоог хөнгөвчилж, төрийн зохицуулалтын давхардлыг бууруулах, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах бодит боломж бий болсныг тодотгов.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталж, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг ялгаварлалгүйгээр дэмжих, гэр бүлийн хөгжлийг төрөөс цогцоор нь дэмжих эрх зүйн орчин бий болжээ. Мөн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулсан байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталснаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэнийг дурдлаа. Мөн Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хүнс, хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн үндсийг бүрдүүлжээ.

Тэгвэл УИХ парламентын үндсэн чиг үүргийн нэг болох хяналт, шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдтэй төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Асуулгын цаг”-ийг гурван удаа зохион байгуулжээ. Мөн нийслэлийн 2024-2026 оны хөрөнгө оруулалт, төсвийн зарцуулалт, Малчны тухай хуулийн хэрэгжилт зэрэг асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна. Хэвлэлийн хурлын үеэр парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох чиглэлээр хэрэгжүүлсэн шинэчлэлүүдийг мөн танилцууллаа. И-Монголиа системд “Нээлттэй парламент” цэсийг шинээр нэвтрүүлснээр иргэд хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, нийтийн өргөдөл санаачлах, парламентын үйл ажиллагаанд цахимаар оролцох боломж бүрдсэн байна. Түүнчлэн Parliament.mn цахим сайтыг шинэчилж, чуулган болон Байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудал, танхим дахь гишүүдийн ирц, санал хураалтын дүн, гишүүн бүрийн санал, ирцийн мэдээллийг бодит цагийн горимоор олон нийтэд нээлттэй болгосныг онцлов.

Хаврын чуулганы хугацаанд нийт 122 удаагийн Байнгын хорооны, 20 удаагийн дэд хорооны, 236 удаагийн ажлын хэсгийн хуралдаан зохион байгуулж, хууль тогтоомжийн төслүүдийг өргөн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэжээ. Мөн санал хураалтад хамгийн олон удаа биечлэн оролцсон гишүүдийг Х.Тэмүүжин манлайлж, эмэгтэй гишүүдийг Д.Энхтуяа тэргүүлсэн бөгөөд ажлын хэсгийг хамгийн олон удаа ахалсан гишүүдээр Х.Баасанжаргал, Д.Энхтүвшин тодорсныг мэдээлэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ 35 удаагийн нэгдсэн хуралдаан, 127 удаагийн Байнгын хорооны хуралд… 1 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ 6 цагийн өмнө
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ 6 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна 7 цагийн өмнө
Наадмын бөхийн бүртгэл эхэллээ 7 цагийн өмнө
Б.Дашпүрэв: Наадмын үеэр бензиний үнэ нэмэгдэхгүй, АИ-92 шатахууны 33 … 7 цагийн өмнө
Үндэсний баяр наадмын сурын харваа эхэллээ Өчигдөр
Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын Монгол Улсын Их Хур… 2026/07/03
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ба… 2026/07/03
Дата төв, хиймэл оюун ухааны төвийн тоног төхөөрөмжийн гаалийн татвары… 2026/07/03
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг… 2026/07/03
ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ 2026/07/03
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ 2026/07/03
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ 2026/07/03
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИ… 2026/07/03
Хүчтэй сөрөг хүчин хүчгүй олонхоос хүчтэйг АН-ынхан харууллаа 2026/07/02
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль… 2026/07/02
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө 2026/07/01
Л.Хосбаяр: Хүүхдийн киноны уран бүтээлчидтэй уулзлаа 2026/07/01
Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ 2026/07/01