Өчигдөр Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай зээлийн хүүгээ ярих “лимит 7 дахь жил”-ийн сүүлчийн өдөр байв. ҮАБЗ завсарлагатайгаар хоёр өдөр дараалан хуралдаад хэлэлцээр хийж буй Ерөнхий сайд Н.Учралд “тулган шаардалт” атгуулаад явуулав.
Хамтрагчийн нүдээр бус дэлхийн улс орнууд “Рио Тинто”-г хэрхэн хардаг, харилцдаг, дүгнэдэг тэр л харилцааг Монголын төр энэхүү шаардлагадаа харуулжээ. “Танайх уул уурхайн бизнес бус санхүүгийн бизнес эрхэлдэг компани гэж андуурахаар боллоо. Оюутолгойн баялаг өгөөж бус өр үйлдвэрлэдэг боллоо гэж иргэний нийгмийн байгууллагууд болон Монголын ард түмний зүгээс шүүмжилж, шаардлага тавьж байна” гэх дүгнэлтүүд!
“Гомдол” гэх гутгаар хэсэгт “Гэрээгээр 53 хувийн өгөөж хүртэх ёстой төслөөс бид 17 жилийн хугацаанд зөвхөн татвараар 25-31 хувийн өгөөж хүртсэн болохоос нэг ч удаа ногдол ашиг авсангүй” хэмээж. Эцэст нь “Манай залуус 17 жилийн өмнөхийг бодвол илүү боловсролтой, хөрөнгө оруулагчидтай ижил түвшинд хэлэлцээр хийх чадалтай хүн олон болсныг цуврал хэлэлцээний явцаас харсан байх” гэжээ. Тэгэхээр анх гэрээ хийхэд хамгийн супер ухаантан байсан хоёр Баяр зэрэг бол гэрээтэйгээ хамт “хуучирсан” гэх гээд байна уу даа.
Цаашилбал, “Тэдний шүүмжлэл судалгаа, тооцоонд суурилсан, шударга ёсыг эрхэмлэсэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг шаардсан зүй ёсны шаардлага гэж Ерөнхий сайдын хувьд үздэг” гэв.
Энэ маш гоё “үзэгдэл”. Учир нь үе үеийн Ерөнхий сайд нар иргэний нийгмийн байгууллагуудын үгийг сонсож, дамжуулж, шаардлага тавихдаа “ашиглаж” бус харин ч “Рио”-ийн талд орчихсон мэт тэмцлийн жагсаалынх нь “бай” болоод бүлтгэнэж байгаад аягүйдвэл огцордог байлаа шүү дээ. Харин энэ удаад часхийсэн шаардлага тавьчихаад хөшигний араар орчихлоо.
Уг нь одоо хөшигний ард хэсэг удаж, үзэгчид түгших, догдлох ёстой шүү дээ. Гэтэл тулган шаардсаныг нь ч улсаараа бүрэн мэдэж амжаагүй байтал гэнэт хөшиг нээгдээд “айлын тал” тулган шаардалтыг хүлээн авлаа хэмээн ялалтын бамбараа асаагаад бөмбөрөө нүдээд гараад ирдэг юм байна. Инээд хүрсэн гэж яав аа. Адал явдал нь хаачив аа?!
За, одоо манай Ерөнхий сайд асан Г.Занданшатар гэгч төрийн зүтгэлтэн, шатрын хорхойтон, “Монгол Каспаров”-ын саяхан хэлсэн энгийн атлаа үнэн үг санаанд орвой. “Шатрын хөлөг дээрх хамгийн хүчтэй боднуудаа хол байлгаад ялдаггүй. Том, жижиг бүх бодоо холбож, хамтад нь хөдөлгөж байж ялдаг. Улс орнуудын хамтын ажиллагаа ч үүнтэй адил” гэхчлэн бут авсан байна лээ.
Манай “бод”-ууд гавьяатай. Оюутолгойн гэрээг анх үзэглэсэн 2009 оныг өнөөдөртэй харьцуулж, өнөөдрийн өндөрлөгөөс буруутган шүүх ёсгүй, харин засаж сайжруулаад явах ёстой. Тиймээс “бод, бог” аль алинд шатрын хөлөг буюу ард түмэн нь хүндэтгэл үзүүлнэ ээ.
Зээлийн хүүгээ бууруулснаар Оюутолгойн баялгаас өр, зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж чадсан Сангийн сайд З.Мэндсайхан “Би эх орондоо хайртай” гэж хөөрхөөн хэлээд Ерөнхий сайд руугаа гүйчихсэн. Ерөнхий сайд нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр руугаа гүйчихсэн. Энэ чинь л тэнгэрт тэтгэгдсэн хувь заяатай, өчүүхэн жижиг гэгддэг Монгол Улсын босго тотго, туурга, тулга юм шүү дээ. УИХ-ын дарга С.Бямбацогтын роль тод харагдсангүй юу? Үгүй ээ, хуулийн дагуу ҮАБЗ УИХ-д ажлаа тайлагнах үед тодоос тод харагдана.
Хамгийн сонирхолтой нь ҮАБЗ-ийн тэргүүн хөшигний ард бүгдийг удирдаж байв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайд байхдаа буюу 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр тухайн үеийн “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жак гэгч нөхрийг хүлээн авч яг өнөөдрийн Ерөнхий сайд Н.Учралын үгийг хэлж зогссон билээ.
Түүнээс өмнөх Ерөнхий сайд нарын хүндэтгэл гэхэд багадмаар бишрэнгүй, бишүүрхэнгүй байдлаас “нэг л өөр” ширүүн дориун нөхрийн хэлсэн үг протоколд одоо байгаа л байх. Тэгэх ч шаардлагатай, ингэх ч цаг нь болсон” гэж шахалт үзүүлсэн тэр нөхөр бүр “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гээд өрөөнөөсөө гаргасныг яана!
Гэтэл тэрхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөгийн Ерөнхийлөгч болчихоод, өөртөө ойртуулах мэт “ҮАБЗ шийднэ” гээд хоёр хоног уясны эцэст яг 8 жилийн өмнөх шаардлагаа Ерөнхий сайддаа дайгаад ердөө ганц цаг ч хүрэхгүй хугацаанд “Рио Тинто”-ийн удирдлагыг буулгаж аваад өнөөх өөрчлөлт хийх нь байтугай салхи ч оруулж болохгүй гээд байсан 17 жил гар хүрээгүй гэрээнд өөрчлөлт оруулж 2037 онд биш 2027 оноос ч өмнө ногдол ашиг авахаар боллоо.
Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Оюутолгой төсөлд Монголын талын эзэмшдэг 34 хувьд ногдох, 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглүүлж, өнөөдөр бид ногдол ашиг авах боломж бүрдсэн билээ. Энэ үед “Рио Тинто” Оюутолгой төслийн гүний уурхай капитал зардлыг 2 тэрбум ам.доллароор нэмэгдүүлж, хугацааг 30 сараар хойшлуулсан шалтгаан нөхцөлийн талаар худал ярьж байсныг нотолсон хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулж чадсан амжилтыг мартаж болохгүй.
Үеийн үед засаж сайжруулаад явах ёстой гэдэг чинь энэ. Цаашид бид хуримтлагдсан хүүг хүчингүй болгох асуудлыг ч мөн хөндсөөр байх ёстой.
Яг өнөөдрийн тухайд гадаадын хөрөнгө оруулагчдыг урьчихсан, уриалчихсан эгзэгтэй мөч мөн. Гэвч “Шаардлагыг биелүүлэхгүй бол цаашид хамтарч чадахгүй” гээд Монгол Улсыг өрөнд оруулж буй зээлийг хүүг бууруулахыг, зээлийн тухай хэлэлцдэг хугацааг ойртуулахыг шаардсан. Үр дүнд нь Оюутолгойн баялгаас өр, зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж чадлаа.
Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум ам.доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэв. Хувь нийлүүлэгчид зээлийн хүүг долоон жил тутамд бууруулах цонх нээгддэг байсныг гурван жил тутамд эргэж харж хэлэлцдэг болгож чадлаа. Хамгийн супер нь энэ жил бид Оюутолгойгоос ногдол ашиг авна гэдгээ “Рио Тинто”-оор зөвшөөрүүлж чадлаа.
Ханан дээр сийлчихсэн гэрээ биш юм байна, хамтын хүчээ нэгтгэвэл засаж болдог гэрээ юм байна.
“Монгол ондоошил”-ын хамгийн сайхан билэгдлүүдийн монгол наадам айсуй. Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баяр наадмыг угтсан том бэлгийг ард түмэндээ барьж чадсан Н.Учралын Засгийн газарт, хэлэлцээрт оролцсон Ажлын хэсгийнхэнд халуун баяр хүргэе.
Хөшигний ард “удирдсан” ҮАБЗ-ийн тэргүүнд талархал илэрхийлье.
Манай улстай хамтран ажиллах хүсэл зориг, хичээл чармайлтаа нотлон харуулж үр дүнд хүрч чадсан хөрөнгө оруулагч талд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
У.Оргилмаа