Сүүлийн арван жилд Ардчилсан нам ялагдлын дарамт, дотоод зөрчил, итгэлцлийн хомсдолын гурамсан хямралд гацаж буй. Гэхдээ дараалсан олон ялагдлууд дундаас ганцаараа цагийн цагт цэнхэр туг намируулсаар ирсэн тойрог бол Сүхбаатар дүүрэг. Үүнд тус дүүргийн Ардчилсан намын жирийн гишүүдийн олон жилийн хүч хөдөлмөр, гавьяа бий. Гэвч харамсалтай нь парламентад төр түшилцэж буй УИХ-ын гишүүн Хөххүүгийн Болормаа намын гишүүдийнхээ итгэл зүтгэл, хүч хөдөлмөрийг хөсөрдүүлж тус дүүргийн АН-ыг МАН-д дагаар оруулж худалдаж буй бусармаг үйл явц өрнөж байна хэлж болохоор байгаа юм.
Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 21-ны/2026.03.21/ өдөр Ардчилсан нам улс орон даяар дотоод сонгуулиа хийж ҮБХ-ны гишүүдээ сонгосон. Энэүеэр Сүхбаатар дүүрэгт дүрмийн ноцтой зөрчилтэй, хууль бус сонгууль болсон нь Ардчилсан намын Хяналтын Ерөнхий хорооны дүгнэлтээр баталгаажсан билээ.
Өөрөөр хэлбэл, 2026 оны тавдугаар сарын 29-ны АН-ын Хяналтын Ерөнхий хорооны дунд суудлын хурлаар АН-ын гишүүдээс ирсэн гомдлыг хэлэлцэж Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцож, тогтоол хэрэгжүүлэх үүргийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтод даалгасан. Улмаар тус дүүргийн Ардчилсан намын гишүүд Хяналтын Ерөнхий хорооны тогтоолыг АН-ын генсек С.Баярцогтод танилцуулж “ХЕХ-ны тогтоол хэрэгжиж дахин шударга сонгууль явуулна” гэж найдаж байна гэдгээ илэрхийлсэн билээ.
Ардчилсан намын дүрэмд ХЕХ-ны шийдвэрийг 30 хоног дотор хэрэгжүүлэн үр дүнг нь тайлагнах үүрэгтэй бөгөөд ХЕХ-ноос гаргасан шийдвэр эцсийнх байдаг. Эс бөгөөс АН-ын Үндсэн дүрмийн 18.2.3 дахь сахилгын шийтгэлээр сонгуульт албанаас чөлөөлөх, нэр дэвших эрхийг 4-н жил хасах зэрэг сахилгын шийтгэл оногдуулах ёстой байдаг байна. Гэвч АН-н генсек С.Баярцогт Хяналтын Ерөнхий хорооны шийдвэрийг үл тоомсорлоод барахгүй хэрэгжүүлэхгүй явсаар 20 гаруй хоног өнгөрч байна.
Тус сонгуулийн хууль бус, ноцтой луйвруудыг сийрүүлбэл,
Баримт1: AN.mn цахим системд иргэдийн зөвшөөрөлгүйгээр намын гишүүнээр бүртгэсэн. Өөрөөр хэлбэл, намд гишүүн элсүүлэхдээ тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр бүртгэл үүсгэсэн, цахим бүртгэлийн мэдээлэлд хууль бус өөрчлөлт оруулсан, төрийн алба хаагчдын мэдээллийг ашигласан гэх ноцтой асуудлууд илэрчээ. Энэ нь намын гишүүнчлэлийн бодит байдлыг алдагдуулж, сонгуулийн үр дүнд шууд нөлөөлөх зорилготой үйл ажиллагаа гэж үзэж болохоор байгаа юм.
Баримт2: Намын гишүүд өөрсдөө татвараа төлөх ёстой байхад нэг хүн эсвэл нэг эх үүсвэрээс олон хүний татварыг бөөнөөр төлсөн тохиолдлууд тогтоогджээ. Энэ нь улс төрийн намын тухай хууль болон намын дүрмийн холбогдох заалтыг зөрчиж буй ноцтой асуудал юм.
Баримт3: Сонгуулийн үеэр оюутнуудад мөнгө тарааж санал өгүүлсэн нь мөн тогтоогдсон байна.
Баримт4: Сонгогчдын нэрийн жагсаалт баталгаажаагүй, хаяг бүртгэл тодорхойгүй, холбоо барих мэдээлэлгүй хүмүүсийг сонгуульд оролцуулсантөдийгүй хяналтын шалгалтаар хэдэн зуун иргэн тухайн хороонд бүртгэлгүй, харьяалалгүй атлаа санал өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Тиймээс Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг дахин шударгаар явуулах шаардлага үүссэн.
Эхэнд хэлсэнчлэн Нийслэлийн есөн дүүргээс Сүхбаатар дүүрэгт цор ганцаараа тасралтгүй 16 жил цэнхэр туг намирч Ардчилсан нам ялалт байгуулсаар ирсэн. Хамгийн сүүлийн жишээ дурдахад, Өдгөө МАН-ын дарга Н.Учрал 2024 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүргээ сольж Сүхбаатарт нэр дэвшсэн хэдий ч МАН УИХ болон Нийслэл, орон нутгийн сонгуулиудад дараалсан ялагдал хүлээсэн билээ. Энэ тухай хотын дарга асан Х.Нямбаатар ажлаа өгөх үеэрээ ч мөн онцлон хэлсэн нь саяхан.
Тэгвэл УИХ-ын гишүүн Хөххүүгийн Болормаа гэж хэн бэ?
Шулуухан хэлэхэд Х.Болормааг Сүхбаатар дүүргийн солгой гарын тендерчин гэдэг тодотгол түүний улс төрчийн хамгийн эхэнд дурдагдах имиж гэж хэлж болохоор байдаг.
Тэрээр инженер мэргэжилтэй. Ажлын гараагаа “Улаанбаатар ресторан”-ы зохион байгуулагч, “Гүег” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2012 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Д.Бадарсангийн орлогчоор томилогдож улс төрд анх хөл тавьсан. Үүний ард дээр дурьдсанчлан мөн л түүний нөхрийн төрсөн ах Д.Баттулга байсан нь тодорхой. Тэрбээр 2016 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилогдож найман жил тус дүүргийг удирдаж байгаад УИХ-ын сонгуулиар ялалт байгуулж УИХ-ын гишүүн болсон билээ.
Түүний Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа хамаарал бүхий компаниудаараа дамжуулан төрийн тендер төсвүүдийг түүсэн баримтууд олныг дурдаж болно. Жишээ нь,
- “Хашаандаа сайхан амьдарья” ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяр болон түүний ойрын найз, хамтарсан компанийн хуулийн этгээд, СБД-ын 20 хорооны арчлалт хамгаалалт болон нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэдэг нэрийдлээр гэх тендер авдаг байна. Өмнөнь н.Даваацэцэг, н.Чогжмаа, н.Энхмаа, Х.Нямдагва, Т.Мөнхбаяр нарын хүмүүс авдаг байсан бол сүүлдЦ.Түмэнбаяр 1 тэрбумын хог цэвэлэгээний тендер авсан гэгддэг.
- Төрийн сангийн дарга байсан ИТХ-ын төлөөлөгч Д.Ууганбаяраар Сүхбаатар дүүрэгт Нийслэлээс ирсэн аудитын шалгалтыг олон жил аргалж засаж зохицуулж өгдөг байна. Шагналд нь сургууль цэцэрлэгийн бохир, нүхэн жорлонгийн ариутгалын тендерийг сүүлийн хэдэн жил тогтмол авсан байдаг.
Цаашилбал түүний нөхөр Цэрэндэжидийн Дашцэрэнгийн нэр дээр бүртгэлтэй Х.Болормаагийн хувь эзэмшдэг “Эй Би Жи Энерго” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар нь Хөххүүгийн Бямбацогт бүртгүүлсэн байна. Тус компаниараа дамжуулан,
1. 11-р сургуулийн барилга буулгалтын ажил,
2. 5д магистраль ДХ-5155 – ДХ-5149 худгийн хооронд 2Ф400мм голчтой 284 хос метр шугамыг хэсэгчлэн шинэчлэн солих тендер,
3. Дархан-Уул аймгийн үйлдвэрийн районы 35 кВ-ын 35/6 кВ-ын 2*6300 кВА дэд станц, 35кВ-ын хуурай салгуурын пунктын өргөтгөлийн тендер,
4. Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгах ажил
5. Найрамдал-А фидерийн ачааллыг хувааж,10кВ-ын хүчдлийн түвшинд шилжүүлэх, шугамын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, АТП-1664, 2652, 2061, 3748, 1426, 3920-ын ачааллыг хөнгөлөх, АТП-2652, 1664, 3748-ын д/с-н чадлыг томсгох ажил,
6. r-35 кВ-ын ЦДАШ-ыг 2 хэлхээт болгох, 35/6 кВ-ын Ваар, Баянхошуу дэд станцын өргөтгөл, шинэчлэл,
7. Баяжуулах үйлдвэр – БТХ. Бутлуурын автоматжуулалт, удирдлагын шкаф шинэчлэх тэргүүтэй тендерийг тус тус авсан фактууд цагаан дээр хараар бичигдэн үлджээ.
Ийнхүү УИХ-ын гишүүн Х.Болормаагийн хамаарал бүхий компаниудаараа авсан томоохон тендерүүдийн зах зухаас дурдахад ийм байгаа юм.
Х.Болормаагийн хувийн амьдрал хүртэл адармаатай...
Ийнхүү төрийн сэнтийд заларч эрх мэдлээ урвуулан ашиглаж татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж төсөл тендерүүдийг халаасласан Х.Болормаагийн хувийн амьдрал хүртэл адармаатай. Тэрбээр гэр бүлийн хүчирхийлэлд нэр холбогдоод байсан Б.Эрдэнэсүхтэй амраг сэтгэлийн холбоотой. Улмаар нөхөртөө гардуулснаар өөрийгөө хутгаар сийчиж байсан гэдэг итгэмээргүй ёс бус асуудал хүртэл түүний ойрын хүрээлэлд яригддаг байна.
Хамгийн ноцтой нь тэрээр дөрвөн хүүхэдтэй бусдын амьдарлыг сүйтгэж амраг сэтгэлийн асуудлаас улбаалан өөрөө өөрийгөө хутгаар сийчсэн гэдэг. Харамсалтай нь энэхүү хэргийг мөн л түүний хадам ах талийгаач Д.Баттулга холбогдох хууль хүчний байгууллагатай хамтран ахуйн осол болгосон талаар эх сурвалжууд ярьж байна.
Сүхбаатар дүүргийн Ардчилсан намыг МАН-д хадган дээр тавьж өгч, Ардчилсан үзэлтэй олон зуун сонгогчдын итгэл зүтгэл, үзэл санааг хувийн эрх ашгийн төлөө нухчин дарж, боомилж байгаа УИХ-ын гишүүн Х.Болормаатай холбоотой ёс бус асуудлыг тоочвол “хүрээний бузрыг ухвал далай” гэдэг шиг итгэхэд бэрх олон асуудал яригддаг байна. Энэ бүхнийг дурдахын учир нь Хөххүүгийн Болормаа бол Сүхбаатар дүүргийн жирийн нэг иргэн биш. Тэр бол тус дүүргийг тэр тусмаа Ардчилсан намыг төлөөлж төрд сууж байгаа төрийн түшээ хүн. Атал тендерийн хулгай, эдийн засгийн гэмт хэрэг, ёс зүйгүй бохир дараалсан олон асуудалд нэр холбогдох нь МУ-ын шударга ёс, ардчилсан үзэл уланд гишгэгдэж байгаагийн илрэл юм. Ингэх тусам Ардчилсан намын үнэнч сонгогчид хэнд юунд цаашид итгэх нь бүрхэг болж байгаа юм.
Тиймээс хамгийн гол нь АН-ын дарга О.Цогтгэрэл, АН-ын генсек С.Баярцогт нараа, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намынхаа сонгогчдын итгэл, зүтгэлийг хүндэтгэж энэ дүүргийг УИХ-ын гишүүн Х.Болормаагийн савраас салгах арга хэмжээ аваач ээ. Шударга ёс яагаад Сүхбаатар дүүрэгт хүртэл буруугаар эргэж шавар шалбаагт хутгалдсан асуудлыг хөндөхөөс аргагүй нөхцөл байдал үүсээд байна.
Эцэст нь хэлэхэд, Улаанбаатар хотын сэхээтэн дүүрэг гэгддэг Ардчилсан намын цэнхэр тугийг цагийн цагт хувиршгүйгээр сонголтоо өгч, сүүлийн домог мэт түүхэнд үлдэж буй Сүхбаатар дүүргийг МАН-ын дагаар оруулж байна гэдэг нь өнөөдөр Монгол улс төрийн намын үзэл санаа, үнэт зүйл биш улс төрийн дээр бүлэглэл үйлчилж байна гэдэг шударга бус зүйл үүгээр батлагдаж байна уу гэх асуулт асуухад хүргэж байна. Хяналтын Ерөнхий хорооны эцсийн шийдвэрээр гарсан дүрмийн дагуу зургаадугаар сарын 28-нд хийгдэх дахин сонгуулийг О.Цогтгэрэл, С.Баярцогт нар хуралдуулж явуулах зэргээс их зүйл харагдах юм. Үүнд Ардчилсан намын олон гишүүн хүлээлттэй байгаа юм. Бид энэ асуудлыг эргэн сурвалжлах болно.
эх сурвалж: Reelnews.mn