С.Наранцогт: Инфляц оны сүүлийн хагаст саарч, ирэх онд тогтворжих хүлээлттэй байна

Р.Ханджав
2026/06/25

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Мөнгөний бодлогын хорооны 2026 оны ээлжит хурлын шийдвэрийг өнөөдөр танилцуулахдаа дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо зургаадугаардугаар сарын 23, 24-ний өдрүүдэд мөнгөний бодлогын асуудлаар ээлжит хурлыг хийж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахад дараах гадаад болон эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг харгалзан үзлээ. Үүнд, Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тос, эрчим хүчний үнэ өссөн нь глобал орчинд инфляцыг нэмэгдүүлж байна. Газрын тосны үнийн өсөлтөөс үүдэн дэлхийн зах зээлд хүнсний үнэ, тээврийн өртөг, бусад барааны үнэ өсөх эрсдэл үүсээд байна. Сүүлийн өдрүүдэд зах зээлд эерэг мэдээлэл гарч, газрын тосны үнэ буурч байгаа хэдий ч хурцадмал байдал хэдий хугацаанд бүрэн намжиж, газрын тосны тээвэрлэлт хэвийн болох нь одоогоор тодорхойгүй хэвээр байгааг онцолъё.

Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээр инфляц 5 дугаар сард улсын хэмжээнд 11.2 хувьд хүрлээ. Энэ оны 1 дүгээр улиралд 7.1 хувьд хүрээд байсан инфляц сүүлийн 2 сард 4.1 нэгж хувиар нэмэгдлээ. Үүний 2.6 нэгж хувийг хүнсний үнийн өсөлт, 0.7 нэгж хувийг шатахууны үнийн өсөлт тус тус тайлбарлаж байна. Харин уул уурхайн бус дийлэнх салбарын идэвхжил сул байгаа, мөнгөний болон макро зохистой бодлогын төлөв хатуу байгаа нь суурь инфляц харьцангуй бага түвшинд байхад нөлөөлж байна. Цаашид инфляц 6, 7-р саруудад 12 хувийн орчимд хүрч эрчимжих боловч 8-р сараас мах, ногооны нийлүүлэлт нэмэгдэхтэй зэрэгцэн буурна гэсэн хүлээлттэй байна. Шатахууны дотоод үнийн хувьд энэ оныг дуустал тогтвортой байна гэж тооцсон. Гадаад орчинд нөхцөл байдал сайжирч, дотоод орчинд нэмэлт нийлүүлэлтийн шок үүсэхгүй тохиолдолд инфляц алгуур буурч, ирэх онд зорилтот интервалд орж, тогтворжих төсөөлөлтэй байна. 

Эдийн засгийн өсөлт 2026 онд эхний улиралд 7.9 хувьтай гарсан бөгөөд энэ онд эдийн засаг 5 орчим хувиар өсөх төсөөлөлтэй байна. Эхний улиралд эдийн засгийн өсөлтийн 5 нэгж хувийг уул уурхай, 1.1 нэгж хувийг тээврийн салбар бүрдүүлж, өсөлтөд гол хувь нэмэр орууллаа. Харин бусад салбарууд нийтдээ өсөлтөд 1.8 нэгж хувийн нөлөө үзүүлсэн бөгөөд тэр дундаа худалдаа болон боловсруулах салбарын идэвхжил өмнөх оны мөн үеэс сул байна. Ирэх онуудад эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байна.

Энэ онд мега төслүүдийн бүтээн байгуулалтын ажлууд эрчимжих, ирэх оноос томоохон цахилгаан станцууд ашиглалтад орж, үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэх зэрэг нь уул уурхайн бус салбарын идэвхжилийг дэмжихээр байна. Энэ оны эхний 4 сарын байдлаар төлбөрийн тэнцэл 186 сая ам.долларын ашигтай гарлаа. Үүнд зэс, алтны үнэ өндөр түвшинд хадгалагдаж, уул уурхайн экспорт нэмэгдсэн нь ашигтай гарахад голлон нөлөөллөө. Мөн сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй мөнгө, санхүүгийн бодлогын үр дүнд хэрэглээний импортын өсөлт саарлаа. Улмаар урсгал тэнцэл оны эхний 4 сард 311 сая ам.долларын ашигтай гарлаа. Үүнээс гадна, банкнууд болон хувийн секторын гадаад санхүүжилтийн эх үүсвэр нь валютын цэвэр орох урсгалд дэмжлэг үзүүлж байна. Цаашид геополитикийн нөхцөл, түүхий эдийн үнэ, гадаад эрэлт болон төсвийн бодлого, дотоодын бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилт хэрхэн өөрчлөгдөхөөс эдийн засгийн төлөв ихээхэн хамаарна гэдгийг энд онцлон дурдъя.

Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт сүүлийн нэг жил гаруй хугацаанд эрчимжиж, 5 дугаар сард 26.8 хувьд хүрлээ. Үүний, 17.8 нэгж хувийг төлбөрийн тэнцлийн ашигтай холбоотой банкны системийн гадаад цэвэр актив нэмэгдсэн нь тайлбарлаж байна. Зээлийн өсөлт сүүлийн улирлуудад алгуур саарсан нь хэрэглээний зээлийн өсөлт саарсантай холбоотой байна. Харин ипотекийн болон бизнесийн зээлийн өсөлт харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжихэд эерэг нөлөөтэй  байна. 

Суурь төсөөллөөр инфляц оны сүүлийн хагаст саарч, ирэх онд Төв банкны зорилтот интервалд тогтворжих хүлээлттэй байна. Гэсэн хэдий ч зуншлагын нөхцөл байдал, малын халдварт өвчин болон Ойрх Дорнод, ОХУ-Украинтай холбоотой геополитикийн тодорхойгүй байдлаас шалтгаалан нийлүүлэлтийн шинжтэй үнийн дарамт удаан үргэлжлэх, эдгээрийн дам нөлөө хүлээлтээс өндөр байх тохиолдолд инфляцын дарамт нэмэгдэх эрсдэлтэй байна. Ийнхүү эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэл, тодорхой бус байдлыг харгалзан үзээд Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Монголбанкны бодлогын шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно. Цаашид эдийн засаг, инфляцын төлөв, олон улсад бий болж буй өөрчлөлтүүдтэй уялдуулан бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлэх болно гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 13 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 14 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 15 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21