Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Р.Ханджав
2026/05/21

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.21/ Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Монгол Улс  НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах гэж буйтай холбогдуулан цөлжилттэй тэмцэх, ногоон бодлогыг амьдралд ойртуулах хүрээнд дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж Монгол Улсын Засгийн газраас төслүүдийг боловсруулсныг дурдлаа.      

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцыг 1993 онд, конвенцын Парисын хэлэлцээрийг 2016 онд Монгол Улсын Их Хурал соёрхон баталж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр олон улсын өмнө үүрэг, амлалт хүлээсэн юм.

Гэвч Монгол Улс нүүрстөрөгчийн өндөр агууламжтай эдийн засгийн бүтэцтэй хэвээр байгаа аж. Үндэсний эрчим хүчний системийн нийлүүлэлтийн 90 орчим хувь нь нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцаас бүрдэж, мал аж ахуйн салбар нийт хүлэмжийн хийн ялгарлын томоохон эх үүсвэр болж байна. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжил, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг дэмжихийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах шаардлага бий гэдгийг төсөл санаачлагч тодотгов.

Иймд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, арга хэмжээг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх, ногоон санхүүжилт, карбон зах зээлийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах нэгдсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл нь нийтлэг үндэслэл, төрийн байгууллагын бүрэн эрх, уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, шинжилгээ, дасан зохицох болон даван туулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон санхүүжилт, карбон зах зээл, мэдээллийн сан, ил тод байдал, хяналт-шинжилгээ, хариуцлагын зохицуулалт бүхий нийт 9 бүлэг, 32 зүйлтэй. Уур амьсгалын өөрчлөлтийн засаглалын нэгдсэн тогтолцоог бий болгох зохицуулалтуудыг тусгасан байна.

Хуулийн төсөлд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, арга хэмжээг шинжлэх ухаанд суурилсан, урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх зарчмыг тусгасан. Мөн Парисын хэлэлцээр болон Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх, түүнийг таван жил тутам шинэчлэх, хэрэгжилтийг хэмжих, тайлагнах, баталгаажуулах (MRV) тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн үндсийг тогтоож байгаагаараа онцлогтой юм байна. Төсөлд хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан зохицуулалт байхгүй гэдгийг онцолж байлаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг баталснаар Монгол Улсад уур амьсгалын эрсдэлээс үүдэлтэй жил тутмын эдийн засгийн алдагдал, нийгэм-эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, улмаар шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар татах, олон улсын карбон зах зээлд үр ашигтай оролцох эрх зүйн суурь бүрдэх юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо Өчигдөр
БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа 2026/07/12
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/07/11
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр н… 2026/07/11
"Мөнхөд орших Монгол" наадмын нээлт иргэдийг огшоолоо 2026/07/11
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БАЯР НААДМЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОЖ, НААДАМ… 2026/07/11
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ … 2026/07/11
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сур… 2026/07/11
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшү… 2026/07/11
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ 2026/07/10
Монгол-Солонгосын бизнес форумыг зохион байгууллаа 2026/07/10
БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий Ким Хе Гён "Чингис хаан" Үндэсний музейд… 2026/07/09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирлээ 2026/07/09
Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус х… 2026/07/08
Засгийн газар хуралдаж байна 2026/07/08
Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэллээ 2026/07/07
Наадмаар зургаан чиглэлд 32 автобус үнэгүй үйлчилнэ 2026/07/07
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион … 2026/07/07
ЗАСГИЙН ГАЗАР “100 ХОНОГ ДАХЬ 100 ЧӨЛӨӨЛӨЛТ”-ӨӨ ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ТАН… 2026/07/07