Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Р.Ханджав
2026/05/14

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.14/ Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, П.Сайнзориг нар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалахад хуулийн төслийн гол агуулга чиглэснийг төсөл санаачлагч гишүүн П.Сайнзориг энэ үеэр  онцлон тэмдэглэсэн юм.  

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэж заасан. Харин дээрх зохицуулалт нь агуулгын хувьд нийтээр заавал дагаж мөрдөх, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй эрх зүйн хэм хэмжээг бий болгох, тогтоох онцгой бүрэн эрх зөвхөн Улсын Их Хурал буюу парламентад хадгалагдах ёстой гэдгийг илэрхийлж байдаг.

Харин парламент нь хэм хэмжээ тогтоох эрхийг бусад албан тушаалтан, байгууллагад буюу нийтлэгээр гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад шилжүүлэх нь олон улсын жишиг төдийгүй манай улсын хууль зүйн тогтолцоонд хэвшиж буй ойлголт болсон байна.  Парламент нь хэм хэмжээ тогтоох эрхийг бусад албан тушаалтан, байгууллагад зөвхөн хуулиар шилжүүлдэг бөгөөд хуулиар эрх олгогдсоны дагуу батлах эрх зүйн дэд актын агуулга, хүрээ, хязгаарыг хуульд тодорхой тусгах шаардлагатай байдаг. Энэхүү эрх зүйн дэд акт тодорхой зарим хэсгийг “захиргааны хэм хэмжээний акт” гэсэн нэршлийн хүрээнд Хууль тогтоомжийн тухай, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн хүрээнд зохицуулж байгаа аж.

Гэвч Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнөх хууль тогтоох практикт нийтээр заавал дагаж мөрдөх, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй эрх зүйн хэм хэмжээг бий болгох, тогтоох эрх мэдлийг байгууллагын дотоод бүтцийн нэгжид шилжүүлэх явдал бий болсон байдаг.  Тухайлбал, Улсын Их Хурлын Байнгын хороо, дэд хороодод захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулсан шийдвэр гаргах эрх мэдлийг шилжүүлсэн цөөнгүй хуулийн зохицуулалт өнөөдөр ч үйлчилж байна. Улсын Их Хурлын Байнгын болон дэд хороо нь Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохих салбар, чиглэлээр байгуулагдсан хуулийн этгээдийн эрхгүй дотоод бүтцийн нэгж төдийгүй шийдвэр нь шүүх болон Үндсэн хуулийн цэцийн хяналтад байдаггүй, түүнчлэн баталсан шийдвэрийн сан байхгүй, лавлагаа мэдээллээр иргэд, хуулийн этгээдийг хангах нэгдсэн зохицуулалт байдаггүй хэмээн төсөл санаачлагчид танилцуулгадаа дурджээ.

Нөгөөтээгүүр, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд зааснаар Улсын Их Хурал нь хууль тогтоох онцгой бүрэн эрхийг эдэлдэг. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол Байнгын хороо нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам батлахгүй.” гэж хуульчилсан. Дээрх зохицуулалтын “хуульд өөрөөр заагаагүй” бол гэсэн агуулга бүхий хэсэг нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хуулиар зөвшөөрсөн тохиолдолд Улсын Их Хурлын Байнгын хороо гаргаж болохоор заасан нь хууль тогтоох онцгой бүрэн эрх 126 гишүүдээс бүрдэх Улсын Их Хуралд хадгалагдах, засаглалын аливаа эрх мэдэл харилцан хяналттай байх Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчим алдагдах болон хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд шүүх эрх мэдлийн байгууллагад хандах иргэдийн эрх зөрчигдөх зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэхээр байна.

Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн 271 дүгээр зүйлд “захиргааны хэм хэмжээний акт батлах эрхийг тухайн байгууллагын дотоод бүтцийн нэгжид олгохыг хориглоно.” гэсэн агуулга бүхий зохицуулалтыг нэмэх уг хуулийн төслийг боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 17 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 18 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21