Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа

Р.Ханджав
2026/05/08

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн ордонд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа.

Энэ салбарт Засгийн газрын хэрэгжүүлэгч дөрвөн агентлаг, төсвийн арван байгууллагад 4,900 орчим хүн ажиллаж, төрийн үйлчилгээг иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагад хүргэж байна.

Салбарын ажилтан, албан хаагчид гэр бүл, хөдөлмөр, нийгмийн халамж, даатгал, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамарсан бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлдэг.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2025 онд 174 иргэн тэрбум гаруй төгрөгийн дэмжлэг, бичил зээл авч, арьс, шир, ноос, ноолуурын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн онд 2,500 орчим хүн дэмжлэг авч, мод тарьж ургуулах, арчилж тордох ажил хийжээ.

Салбарын яам 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, хөдөлмөр эрхлэлтийн бүх төрлийн сургалт, төсөл, хөтөлбөр, санхүүгийн дэмжлэг, жижиг зээлийг “Цагаан алт” хөтөлбөр, “Тэрбум мод” хөдөлгөөнтэй уялдуулах юм байна.

Улсын үндэс болсон гэр бүл, хүн амын асуудлыг хариуцан, хүн бүрд чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг энэ салбарын үе үеийн хамт олонд Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Тэрбээр, өнгөрсөн таван жилд хийсэн ажил, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт болон нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Цаашид төрийн албаны бүх шатанд ёс зүйг сахин, сахилга, хариуцлагаа чангатгаж, хуулиар хүлээсэн үүргээ чин шударгаар биелүүлэн, иргэдэд түргэн шуурхай үйлчилж байхыг захилаа.

Ерөнхийлөгч мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын ахмад ажилтан Дагдангийн Жанцан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын ахмад ажилтан Цогоогийн Дашдондог нарт Гавьяат эдийн засагч, Харааны бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төв, “Нарны хаан хүүхдүүд” цэцэрлэгийн их эмч Дамдинжавын Нямсүрэнд Хүний гавьяат эмч, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад эмч, “Өрнөх хөгжил” төрийн бус байгууллагын Эрүүл мэнд, менежментийн зөвлөх Мөнхийн Дуламжавт Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.

Энэ онд гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх хүрээнд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай зэрэг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлнэ гэдгийг сайд Т.Аубакир хэллээ.

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дохионы хэлний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж эхэлжээ.

Хүүхэд хамгаалал, гэр бүл, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагчдад хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох, ангилал зэрэглэл ахиулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Салбарын бодлого, эрх зүйн орчныг шинэчлэлийг тууштай үргэлжлүүлж, иргэн бүрийн амьдралд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлэх, амьдралын чанарт нь ахиц гаргахын төлөө ажиллаж байгааг яамны удирдлагууд хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 17 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 18 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 19 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 20 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21