Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Р.Ханджав
2026/05/04

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн бүтээн байгуулалтыг өнөөдөр эхлүүллээ. Тус станц 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд барих юм.

Нээлтийн арга хэмжээнд Эрчим хүчний сайд Б.Найдалаа, төслийн төрийн түншлэгч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, хувийн хэвшлийн түншлэгч “Митайм Интернэйшнл” компанийн удирдлагууд болон холбогдох албаныхан оролцов.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

“2023 оны аравдугаар сард хотын даргаар томилогдоод эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зоригтой шийдлүүдийг төлөвлөсөн. Бид анхны дотоод бондыг 2024 онд гаргаж, улмаар Бөөрөлжүүтийн 300 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг төвийн эрчим хүчний системд чухал хэрэгцээтэй цаг үед ашиглалтад оруулж, эрчим хүч нийлүүлсэн. Эрчим хүчний төслүүдийг улаанбаатарчууд, эрчим хүчний салбарынхан сүүлийн 40 жил хүлээсэн. Өнгөрсөн хугацаанд улс төрчдийн эрх ашиг, популизм зэргээс ажлыг үргэлж зогсоож ирсэн. Харин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж, 2028 онд бүрэн ашиглалтад оруулна. Төслийг эхлүүлсэн, өнгөрсөн хугацаанд бэлтгэл ажлыг хийж ирсэн бүх хамт олондоо талархал илэрхийлье. Энэ жил Улаанбаатар хотод Дулааны тавдугаар цахилгаан станц, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг түшиглэсэн цахилгаан станц, Дамбадаржаа станц, Дэнжийн мянга станц, хийн станцууд, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх, Хүннү хотын станц гээд хэд хэдэн станцын төслийг хэрэгжүүлнэ. Агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийг ая, тухтай амьдруулах томоохон төслүүдээ урагшлуулахын төлөө үргэлж ажиллана. Ард түмэнд амлалтаа биелүүлж, цаг хугацаандаа төслийг ашиглалтад оруулахын төлөө ажиллацгаая” хэмээн онцоллоо.

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Ялангуяа Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол зэрэг нийслэлийн баруун бүсийн өсөн нэмэгдэж буй суурьшлын бүсүүдийн эрчим хүчний хангамжийг тогтвортой шийдвэрлэх ач холбогдолтой. Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд үүний 80 хувийг хувийн хэвшлийн түншлэгч, 20 хувийг төрийн түншлэгч тал хариуцах юм. Нийслэлийн зүгээс төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх хүрээнд дотоодын санхүүгийн зах зээлд 200 тэрбум төгрөгийн бондыг амжилттай гаргасан.

Монгол Улсад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц 1983 онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл 43 жилийн туршид өндөр хүчин чадлын цахилгаан, дулаан хосолсон станц ашиглалтад ороогүй. Дулааны тавдугаар цахилгаан станц нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд дэд бүтцэд ойр байршилд баригдаж, дотоодын нүүрсний нөөцөд тулгуурлан ажиллана. Орчин үеийн өндөр үр ашигтай, байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлж, ялгарлын хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн бууруулснаар агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна. Мөн шинэ орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж өргөжиж, хотын эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанарт бодит эерэг нөлөө үзүүлэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 14 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 17 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21