Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

Р.Ханджав
2026/05/04

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь жилдээ “ХЭРЭГЦЭЭНД ҮНДЭСЛЭСЭН ЗӨВЛӨГЧ ТАТВАРЫН АЛБА” уриан дор орон даяар зохион байгуулж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж шударгаар татвараа төлсөн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Эрхэм хүндэт баялаг бүтээгч, татвар төлөгчид өө,

Хөлс хүч, хөдөлмөр зүтгэлээ шингээн татвар төлж, Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч нь болсон Та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Та бүхэн бол монгол хүнд хийх ажил, авах цалин олгогчид, Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана, Монголын хөгжлийн хөдөлгүүр юм.

Төсвийн мөнгө гэж үгүй. Татвар төлөгч Та бүхний мөнгө л бий. Та бүхний төлсөн татвараар улсын төсөв бүрдэж, эмч, багш, төрийн албан хаагчдад цалин хөлс олгож, эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьж, зам, дэд бүтэц бүтээн байгуулдаг. Энх цагийн хамгийн эх оронч үйл хэрэг бол татвар төлж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, ирээдүйг өнөөдөр бүтээлцэж буй иргэний өндөр үүрэг хариуцлага юм.

Монгол Улсын Засгийн газар хөдөлмөрлөж бүтээж буй хүн бүхэнд саад болсон хүнд суртлын чөдөр тушааг тайлах “Чөлөөлье” бодлого дэвшүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогын эрхэм зорилго нь улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр бататгахад оршиж байна. Засгийн газрын Эдийн засгийн чөлөөлөлт, Эрх зүйн чөлөөлөлт, Ногоон хөгжлийн чөлөөлөлт, Авлигын эсрэг чөлөөлөлт бүгд баялаг бүтээгчид, хувийн хэвшил, хийж бүтээх хүсэлтэй хүн бүхэнд хаяглан зориулсан бодлого юм.

Төр эдийн засгийн гайхамшиг, ид шид бүтээж чадахгүй. Дэлхийн цаг төр үймээнтэй, түлш шатахуун, тээвэр логистикийн хүндрэл нүүрлэсэн энэ цаг үед баялаг бүтээгчдэдээ, хувийн хэвшилдээ, чөлөөт өрсөлдөөн, эрх чөлөөний хүчинд итгэх нь Засгийн газрын үндсэн чиг шугам юм. Засгийн газар эхний сардаа багтааж, эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа. Бодлого гэдэг дуусдаггүй яриа биш бодит шийдлээр амилж, амьдралд биеллээ олно гэдэг итгэл үнэмшлээр чөдөр тушааг тайлж, чөлөөлж ажиллана. Засгийн газрын чөлөөлөлтийн бодлого, шийдлээс татвар төлөгч Та бүхэндээ дараах 4 зүйлийг онцлон хэлэхийг хүсэж байна.

Нэгдүгээрт, Хөдөлмөрлөж бүтээж буй хүн бүхэн, хэн бүрийг хууль журмын гох дэгээ, хүнд суртлын чөдөр тушаанаас чөлөөлж, татварын ачаа дарамтыг хөнгөлөх нь Монгол Улсын Засгийн газрын бодлогын цөм байх болно. Улсын төсвийн орлогын цөм нь татвар хэдий боловч баялаг бүтээгчдээ “дарамтлах биш дэмжих”, “хаах биш нээх” нь үндсэн зарчим, үндэс тулгуур нь байх болно. Татварын өртэй 12153 компани, аж ахуйн нэгжийн битүүмжлэгдсэн дансыг нээсэн нь итгэлцлийн зарчим дээр үндэслэсэн шийдвэр юм. 2026 онд төлөвлөгөөт эрүүл мэнд, байгаль орчноос бусад 7300 гаруй хяналт шалгалтыг цуцалсан нь хийж бүтээх, хөгжиж дэвших хүслийг чөлөөлсөн иж бүрэн багц шийдлийн бодит алхам юм. Монгол Улсын Засгийн газар шударга ёс, эв нэгдлийн гагнаас нь эрх чөлөө хэмээх үнэт зүйлийг эрхэмлэн, хааж боох биш нээж чөлөөлж, татварын эрх зүйн орчныг эрүүл саруул, илүү уян хатан, ойлгомжтой болгоно. Хууль ёсны бизнес эрхлэгч, татвар төлөгчдөө ад үздэг, ашиг орлого олохыг буруушаан хавчдаг хортой чихрийн хугацаа нь дууссан.

Хоёрдугаарт, Монгол хүнд хийх ажил, авах цалин олгож, татвар төлж буй баялаг бүтээгчдэдээ боож хаах бус дэмжиж нээх хүндрэлд өртсөн компаниудаа хөл дээрээ дахин босоход нь боломж олгоно. Итгэлийн хариуд итгэл төрж, итгэлцэл үүсэж, хөрөнгө оруулалт, эх орны үйлдвэрлэл, экспорт өсөн тэлэх, дахин сэргэх эш үндэс болно. Төрийн бүх шатан дахь бизнест саад тотгор болсон хуулиас давсан дүрэм журмын гох дэгээ, хүнд суртлын чөдөр тушааг тайлсан шиг тайлж чөлөөлнө. “No surprise” зарчим буюу төр “гэнэтийн бэлэг” барьж, элдэв хиймэл зохиомол саад тотгор босгохыг хориглоно. Төрийн бүх шатны шийдвэр улс төрийн биш эдийн засгийн утга учиртай байхыг шаардаж хянаж ажиллана. Тогтвортой байдал гэдэг бол тодорхой байдал юм. Тогтвортой байдал гэдэг бол урьдчилан таамаглах бололцоо олгохгүй өглөө босоод өөр юм ярихгүй, баялаг бүтээгчдийн төсөл, төлөвлөгөөнд нь садаа болохгүй байх тухай ойлголт юм. Тогтвортой байдал гэдэг бол гавьяа байгуулахгүй гэхэд гай болохгүй, лай биш зай болох тухай ойлголт юм.

Гуравдугаарт: Татварын хувь хэмжээнээс дутахгүй онц чухал зүйл бол шударга тогтолцоо юм. Төлдөг нь хохирдог, төлдөггүй нь хождог гажуудлыг засаагүй цагт татварын бааз сууриа өргөтгөж чадахгүй. Хал болсон халамжийн хавтгайрлыг багасгаж, монгол хүн ажиллаж хөдөлмөрлөх, амьдрал, хувь заяагаа өөрөө сонгон бүтээх замыг чөлөөлөхгүй. Аль ч нийгэмд хүн ажиллаж бүтээдэг. Татвараа тайлагнах нь цаасан хүнд суртлын шийтгэл биш цахим хөнгөн суртлын шийдэл байх ёстой. Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж татвар төлж буй иргэндээ халтай биш ээлтэй, хүнд сурталтай биш хүн чанартай тогтолцоог бүрдүүлнэ. Татварын ажилтан хөндлөн зураастай үнэмлэх харуулж байцааж загнахдаа биш зөвлөн туслагч, үйлчилгээний албан хаагч болж, соёл, хандлага, сэтгэлгээг өөрчлөхөд хийх ажил их байна.

Татвар төлөх нь гэмт хэрэг шиг, татвар төлөхгүй байх нь гэгээн үйлс шиг байгаа цагт Монгол Улс хөгжихгүй нь гашуун боловч үнэн. Татвар төлөх нь хамгийн эх оронч иргэний үйлдэл.

Эрхэм хүндэт татвар төлөгчид өө,

Та бүхний төлсөн татвар зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангах төсвийн орлого зарлаг бус маргаашийн Монголыг бүтээж буй их үйлс юм. Та бүхний хөлс хүч, хөдөлмөр зүтгэл шингэсэн татварын нэг төгрөг бүрийг гамнаж хэмнэж, үр дүнтэй, өндөр бүтээмжтэй, ухаалаг зөв зарцуулж, төсвийн сахилга батыг сахиулахын төлөө Монгол Улсын Засгийн газар хичээн ажиллах болно.

Татвар төлөгчдөө хүнд суртал, ачаа дарамт, илүү их хийж бүтээх хүслийг хяслаас чөлөөлж, эрх чөлөө, чөлөөт өрсөлдөөн, эрх чөлөөний хүчинд итгэсэн татварын хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулан, Улсын Их хуралд өргөн барина.

Эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарсан Монголоо бүтээгчид Та бүхэндээ гүн талархал илэрхийлж эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.”


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо Өчигдөр
БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа 2026/07/12
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/07/11
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр н… 2026/07/11
"Мөнхөд орших Монгол" наадмын нээлт иргэдийг огшоолоо 2026/07/11
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БАЯР НААДМЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОЖ, НААДАМ… 2026/07/11
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ … 2026/07/11
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сур… 2026/07/11
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшү… 2026/07/11
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ 2026/07/10
Монгол-Солонгосын бизнес форумыг зохион байгууллаа 2026/07/10
БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий Ким Хе Гён "Чингис хаан" Үндэсний музейд… 2026/07/09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирлээ 2026/07/09
Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус х… 2026/07/08
Засгийн газар хуралдаж байна 2026/07/08
Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэллээ 2026/07/07
Наадмаар зургаан чиглэлд 32 автобус үнэгүй үйлчилнэ 2026/07/07
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион … 2026/07/07
ЗАСГИЙН ГАЗАР “100 ХОНОГ ДАХЬ 100 ЧӨЛӨӨЛӨЛТ”-ӨӨ ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ТАН… 2026/07/07