Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Р.Ханджав
2026/05/01

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.05.01) Улсын Их Хурлын гишүүн, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

Хуулийн төслийг эдийн засгийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлийг оновчтой удирдах, цаашид үүсэж болзошгүй хүндрэлүүдэд урьдчилан бэлтгэх бодлогын хүрээнд боловсруулсан гэдгийг  Тэргүүн Шадар сайд танилцуулгадаа онцолсон.

Эдийн засгийн өсөлт 2027 онд 5.8 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд ойролцоогоор 6.3 хувийн түвшинд хүрэх хүлээлттэй байна. Нүүрсний олборлолт тогтвортой өсөж, дэлхийн зах зээл дээрх бусад түүхий эдийн үнэ өсөх, экспорт тогтвортой нэмэгдэх төлөвтэй байгаа нь уул уурхайн салбарын өсөлтийг дэмжихээр байна. Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд үргэлжилж, салбарын өсөлтөд эергээр нөлөөлөх хүлээлттэй байгаа бөгөөд мөн боловсруулах үйлдвэрлэл нэмэгдэх хандлагатай байна гэж байлаа.

Нөгөөтээгүүр, Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдлын улмаас шатахууны үнэ өсөж, улмаар үйлдвэрлэлийн зардал нэмэгдэн, аж ахуйн нэгжүүдийн ашиг буурч, дунд хугацаанд хөрөнгө оруулалтын идэвх саарах төлөвтэй байна. Иймд үүсэж буй сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах боломжийг бүрдүүлнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Эдийн засгийн өрсөлдөх чадвар болон өрхийн бодит орлогын өсөлтийг дэмжих зорилгоор инфляцыг тогтвортой, зорилтот түвшинд бууруулах бодлого баримталж байна. Энэ хүрээнд 2027 онд 7.0 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд 5.0 хувьд хадгалагдахаар тооцоолсон. Инфляцыг бууруулахад хөдөө аж ахуйн салбарт шинэчлэл хийж хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, экспорт, импорттой холбоотой зохицуулалтыг оновчтой хийж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэж Ж.Энхбаяр сайд танилцуулав.

Хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тусгай шаардлагуудыг ханган боловсруулсан байна. Тухайлбал,

Тэнцвэржүүлсэн орлого: Гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагуудаас гаргасан үнийн төсөөлөлд үндэслэхээс гадна макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон. 

Нэгдсэн төсвийн суурь тэнцэл: Нэгдсэн төсвийн суурь тэнцлийг ДНБ (дотоодын нийт бүтээгдэхүүн) -ий хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байна гэж заасан. Энэ хүрээнд нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь 2027-2029 онуудад дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тус тус тэнцэж байгаа нь хуулийн шаардлагыг хангаж байна. 
Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ: Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Энэ хүрээнд нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ ДНБ-ний 30 хувиас хэтрэхгүй байх тусгай шаардлагыг хангаж байна.
Засгийн газрын өр: Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг 2027-2028 онд 50.0 хувь, 2029 онд 45.0  хувь байхаар тооцсон нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-д заасны дагуу Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн хуулийн шаардлагыг хангаж байгаа аж.

Хуулийн төсөл батлагдсанаар Төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын 2027 оны төсвийн зарлагын хязгаар, 2028-2029 оны дунд хугацааны зарлагын хязгаар төсөөлөл болон Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 14 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 17 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21