С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал

Р.Ханджав
2026/04/22

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.04.22) Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзаж, тус зөвлөлийн үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга, 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж, шүүх болон шүүгчийн хараат бус  байдлыг хангах асуудлыг Үндсэн хуульд оруулсан. Үүнээс хойш 2022 онд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа, Шүүхийн багц хуулиудын ажлын хэсгийг ахалж, Улсын Их Хурлаар батлуулж байснаа дурдаад тухайн үед  хэлэлцүүлэг тасралтгүй 17 цаг үргэлжилж, хамгийн удаан хуралдаж, Шүүхийн багц хуулиудыг хэлэлцэн баталж байсныг онцлон тэмдэглэв. Түүнчлэн хууль тогтоох, шүүх эрх мэдлийн байгууллагууд тус тусын чиг үүргээ хэрэгжүүлэхэд хуулийн хүрээнд харилцан мэдээлэл солилцох, ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хамтран ажиллах нь чухал. Төрийн эрх мэдэл ард түмнээс эх ундаргатай. Тиймдээ ч төрийн мөн чанар нь ард иргэдийн итгэлийг хүлээсэн байхад оршино хэмээлээ.

 

Үргэлжлүүлэн, Монгол Улсын шүүхийн тухай хууль батлагдсанаас хойш таван жил өнгөрч буй учраас Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийж, нэмэлт өөрчлөлтийн талаарх саналаа нэн даруй Улсын Их Хуралд ирүүлэх, Хууль зүйн байнгын хороо хамтран ажиллах шаардлагатай гэлээ. Энэ хүрээнд шүүхийн шинэтгэлийн асуудал нь дан ганц шүүх эрх мэдлийн асуудал бус, энэ шинэтгэлийг гүнзгийрүүлэх, бататгахад Улсын Их Хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг байгууллагууд ямар оролцоотой байх нь 2024 онд батлагдсан “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-д тусгагдсаныг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт яриандаа дурдав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа ерөнхий зөвлөлийн чиг үүрэг, ажиллах орчин, эрх зүйн орчны шинэтгэлийн үр дүн, тулгамдсан асуудал зэрэг сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй танилцуулж, Улсын Их Хурлын дарга болон уулзалтад оролцсон гишүүдийн асуултад хариулт өгч, нээлттэй санал солилцлоо.   

Энэ үеэр Шүүхийн багц хууль хэрэгжсэнээс хойш ажиглагдаж буй ахиц дэвшлийг тодотгож байв. Тухайлбал хэрэг хуваарилалтыг гаднын нөлөөгүйгээр шийдвэрлэдэг болсон, иргэдийн оролцоог хангаж, шүүх хурлыг дуу, дүрсний бичлэгтэйгээр олон нийтэд хүргэдэг болсон, нийтийн эрх ашгийг хөндөгдсөн асуудлаар тойм бичиж нээлттэйгээр байршуулдаг болсноос гадна дагнасан шүүх тэр дундаа хялбар ажиллагааны шүүх байгуулагдсанаар бага үнийн дүнтэй хэргүүдийг шийдвэрлэх хугацааны хурд нэмэгдсэн зэрэг ахиц, дэвшил гарсан байна.

 

Харин цаашдаа шүүхийн үйлчилгээг сайжруулах, хүний нөөцийн бодлогыг оновчтой болгох, шүүхийн үйлчилгээний орчин нөхцлөлийг эргэн харж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг цаг тухайд хийх зэрэг тулгамдсан асуудлууд байгааг танилцуулж байлаа. Тухайлбал өнөөдрийн байдлаар 4 шүүх түрээсийн байранд, 3 шүүх байргүй, 4 шүүх прокурорын байгууллагатай хамт нэг байранд үйл ажиллагаа явуулж байгаа аж. Мөн хуульд хэрэг хянан шалгах ажиллагааны цахим платформыг үүсгэх тухай тусгасан ч кибер аюулгүй байдлыг хангах дата төвийг байгуулахтай холбоотой эрх зүйн зарим зохицуулалт дутагдаж байгааг хөндөж байлаа.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, шүүхийн шинэтгэлийг бататган бэхжүүлэхэд парламентын түвшинд юуг анхаарах, тэдгээрийн хэрэгжилтийг хариуцаж байгаагийн Шүүхийн ерөнхий зөвлөл юунд төвлөрөх талаар байр суурь сонсох, ойлголцол бий болгох нь энэхүү уулзалтын ач холбогдол болохыг тэмдэглэсэн. Мөн шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ тайлагнал, хариуцлагын зохистой тэнцвэрийг бий болгоход чиглэгдсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний төлөөлөл дутуу байгааг Улсын Их Хурал, Хууль зүйн байнгын хороо анхааралдаа авч шийдвэрлэх болно хэмээгээд Улсын Их Хурлын даргын хувьд шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлэхэд шаардлагатай эрх зүйн бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 17 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 18 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 19 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 20 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21