УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа

Одон
2 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах иж бүрэн арга хэмжээ”-г 16 багц чиглэлд боловсруулнаа Улсын Их Хурлын гишүүд болон Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад танилцуулж, санал солилцлоо. Өнгөрсөн сарын байдлаар инфляц 8.2 хувьд хүрч, үүнд хүнсний үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Тодруулбал, инфляцын идэвхжил илүү өргөн хүрээг хамарч эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд нийт 318 бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байсан бол энэ оны байдлаар 406 барааны үнэ өссөн үзүүлэлттэй гарчээ. Иймд “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлж, батлагдсан тохиолдолд чуулган завсарлах үеэр хэрэгжилтийг хангуулж ажиллах саналтай байгаагаа УИХ-ын дарга Н.Учрал тодотголоо. 


Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахдаа Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооноос болон  Засгийн газраас хариуцан хэрэгжүүлэх гэсэн үндсэн хоёр чиглэлд нийт 16 арга хэмжээг тусгажээ. Эрэлтийн гаралтай үнийн өсөлтийг тогтворжуулж, иргэдийн бодит орлогыг хамгаалах нь Төв банкнаас авч хэрэгжүүлэх зайлшгүй арга хэмжээний нэг гэдгийг УИХ-ын дарга танилцуулгын эхэнд онцлов. Өрхийн бодит орлогын өсөлт нийслэл хотын хувьд ч, хөдөө орон нутгийн тухайд ч удаашраад байгааг статистикээс харж болно. Иймд макро түвшний эдийн засгийн өсөлт микро нэгжид буюу айл өрхүүдэд шууд хүрч чадахгүй байгааг анхаарч, өргөн хэрэглээний барааны эрэлтийн гаралтай үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлээр Төв банкны удирдлагатай санал солилцлоо. Түүнчлэн банкны салбарын реформыг эрчимжүүлэх хүрээнд зээлийн хүүг үе шаттай бууруулах, санхүүгийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, гадаадын банкны салбаруудыг дотоодын зах зээлд нэвтрүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг тогтоолын төсөлд тусгасан талаар танилцуулав.



УИХ-ын дарга үргэлжлүүлэн, ипотекийн зээлийн тогтолцоог сайжруулах замаар хүртээмжийг нь илүү нэмэгдүүлэх, зорилтот бүлэгт чиглүүлэх арга хэмжээний талаар онцоллоо. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар нийт 139 мянган өрхөд 10.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг 17.7 жилийн дундаж хугацаатайгаар олгосон байна. Уг зээлд хамрагдах хүсэлтүүд ихээр ирсэн хэвээр байгаа төдийгүй хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг агаар, орчны бохирдол, төвлөрлийг бууруулах зорилготой уялдуулан зорилтот бүлгийг өргөн хамруулах шаардлагатайг хэллээ. Санхүүгийн зах зээлд эрх зүйн тодорхой зохицуулалтгүйгээр лизинг, мөнгөн зээлийн үйлчилгээ нэрээр үйл ажиллагаа явуулж буй хэт өндөр хүүтэй, эрүүл бус механизмуудыг цэгцлэх, нэгдсэн зохицуулалтад оруулж, иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалж ажиллахыг мөн чиглэл болгожээ. Түүнчлэн гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн хэлбэлзлийг тогтворжуулах, СЗХ-ны зохицуулалтад хамааралтай зөвшөөрлийн үйл ажиллагааг хялбаршуулах зэрэг арга хэмжээг Төв банкнаас авч хэрэгжүүлэхээр тусгасан байна. 


Харин Засгийн газарт өгсөн чиглэлд үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах, төсвийг хэт тэлэхээс сэргийлэх, Уул уулхайн биржийн тухай хуулийн хэрэгжилтэд саад учруулахгүй байх, хил, боомт, гаалийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулах зэрэг арга хэмжээнүүд багтжээ. УИХ-ын дарга үргэлжлүүлэн, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тасралтгүй хангах, барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих зэрэг арга хэмжээг зах зээлийн бодит шаардлагатай уялдуулан онцоллоо. УИХ-ын дээрх тогтоолын төсөл батлагдан, бүх түвшинд бодитой хэрэгжсэнээр гарах үр дүнг Монгол Улсын олон улсын тавцан дахь үзүүлэлтүүд хэдэн байраар урагшилсан бэ гэдгээр хэмжинэ гэдгийг УИХ-ын дарга Н.Учрал хэллээ. Тухайлбал, бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулагчдад ээлтэй байдал, гадаад худалдааны эргэлт, ажиллах хүчний оролцооны түвшин, авлигын төсөөллийн индекс зэрэг үзүүлэлтүүдийг таван жилийн дотор хэрхэн ахиулах боломжтойг нарийвчлан тооцоолсноо танилцуулсан юм. 



Танилцуулгынхаа төгсгөлд УИХ-ын дарга ирэх хаврын чуулганаар хүний эрхийн зөрчилтэй хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгахад анхаарч, цаашид нэг мөр цэгцлэхийн тулд эрх зүйн орчныг тодорхой болгоно гэж мэдэгдлээ. УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, иргэдийнхээ эдийн засгийн эрх, эрх чөлөөг хамгаалах цогц арга хэмжээний хүрээнд нэн түрүүнд тендерийн хуулийг үзэл баримтлалаас нь эхлээд бүрэн шинэчлэх шаардлагатайг тодотгов. Тэрбээр, одоогийн хуулиар буюу төр өөрөө импортыг дэмжсэн хамгийн том худалдан авагч байгаа цагт дотоодын аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгчдийг бодитоор дэмжихэд хүндрэлтэй байгааг онцлов. Мөн зарим томоохон компаниудын дэргэд мөнгө хүүлэх зорилготой хадгаламж зээлийн хоршоод ажиллаж байгааг шүүмжлээд Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихад бэлэн болсон тухай дурдлаа. УИХ-ын гишүүн Г.Уянгахишигийн хувьд, мөнгөний урсгалыг зөв чиглүүлж, хөрөнгийн зах зээлийг татварын бодлогоор дэмжих нь чухал хэмээн тодотголоо. 



УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж, Уул уурхайн биржийн тухай хуулийн хэрэгжилтийг сайшаагаад, биржээр арилжаалахад борлуулалт өсөлттэй байгааг тэмдэглэв. Харин УИХ-ын гишүүн Б.Заяабал, уг тогтоолын төсөл нь цаг үеийн шаардлагад нийцсэн арга хэмжээнүүдийг тусгасан байгааг онцлоод, дэмжихээ илэрхийлэхийн сацуу санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор тодорхойлж, зөв оношлохоос ажлаа эхлэх ёстойг хэллээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн, иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусад нь багцалж, хэрэгжилтийг хангахын тулд УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг байгуулах саналаа уламжлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж, хилий… 1 цагийн өмнө
2025: Эрх баригчдад харш жил 1 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино х… 2 цагийн өмнө
Айлчлал 13: НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцлоо 3 цагийн өмнө
Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ 3 цагийн өмнө
Ванданжавын Адъяасүрэнд Ардын багш цол хүртээлээ 3 цагийн өмнө
Айлчлал 12: Бүгд Найрамдах Австрали Холбооны Улсын Амбан захирагч Сама… 3 цагийн өмнө
Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж б… 2025/12/26
Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг тан… 2025/12/26
Айлчлал 11: Хөрш гурван улсын төрийн тэргүүн Бээжинд уулзлаа 2025/12/26
Айлчлал 10: ​​Бүгд Найрамдах Тажикистан Улс 2025/12/26
“Хүслийн шинэ жил 2026” хандивын аян 2025/12/25
Татварын багц хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2025/12/25
Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олголоо 2025/12/25
Айлчлал 9: ​Киргиз Улс 2025/12/25
Айлчлал 8: Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито айлчиллаа 2025/12/25
“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг … 2025/12/24
Зодуулсан хүүгийн аав: Би алгадаж ч үзээгүй хүүг минь унатал цохиж бай… 2025/12/24
Э.Амартүвшин “Opera star-International Opera Awards-2025”-аас “Шилдэг … 2025/12/24
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ 2025/12/24