“Лам олохгүй бол буцахдаа зална” гэгчийн үлгэр өнөөгийн улс төрд нүүрлээд байгааг эхлээд хэлэх ёстой.
200 хоногийн хугацаанд хоёр ч удаа Засгийн газрыг огцруулах асуудал босч ирнэ гэдэг өөрөө Засгийн газрын хүлээн зөвшөөрөгдөх чадамж хөндөгдөж буй нэг хэлбэр юм. Одоогоос хоёрхон сарын өмнө Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн хэсэг гишүүд санаачилан УИХ-ын босгоор давуулсан ч эцэсдээ Үндсэн хуулийн зөрчилд болж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нар ажлаа өгсөн бол МАН-ын даргаар Н.Учрал сонгогдосноор цэг тавигдсан.
Гэтэл үнэндээ цэг тавигдаагүй байж магадгүй юм. Учир нь “мордохын хазгай” болсон Г.Занданшатар тэргүүлсэн Засгийн газрын өмнө эдийн засгийн томоохон сорилтууд ар араасаа тавигдсаар сэхэл авах зав зай өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Уул уурхайгаас хамааралтай манай улсын эдийн засаг нүүрсний үнэ унах төдийд улсын төсвийн орлого нь 2 их наядаар тасарч, иргэд нь бензинд очерлож хөдөө орон нутагт бензин хэдэн хоногоор тасарч Засгийн газрын сайдууд дээр дооргүй сандарч гүйлдсэн өдрүүд үргэлжилсээр байна.
Идэр есын хүйтэн тачигнаж амжаагүй байхад Засгийн газрын хувь заяа дахин хөндөгдөж байна. Энэ удаад Зандангийн Засгийн газрыг огцруулах акцыг сөрөг хүчинөөс эхлүүллээ. Анхнаасаа занаа зуултад байсан Засгийн газар энэ удаад давж гарч чадах уу гэдэг өөрөө асуулт.
Хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй Г.Занданшатар
Засгийн газрыг тэргүүлж байгаа Ерөнхий сайд өөрөө улс төрийн манлайлал зангараг нь хүчтэй байж гэмээнэ Засгийн газрын сөрөн тэсвэрлэх чадамж өндөр байна. Гэтэл анхнаасаа тэр намдаа ч хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй
Г.Занданшатар даргын хувьд танхимаа бүрдүүлэхдээ “эхийг эцээхгүй тугалыг нь тураахгүй” байх зарчимыг баримталсан ч амжилт олсонгүй. Улс төрийн хар багийн найзынхаа дэмжлэгээр өнөөг хүртэл явж ирсэн нь хэн бүхэнд тодорхой болсон. Ядаж байхад өнгөрсөн УИХ-ын сонгуульд тойрогтоо өвдөг шороодсон нь түүнд бүүр их гай болж байгаа.
МАН-ын эгэл жирийн гишүүд сонгуульд ялж чадаагүй байж Ерөнхий сайд болоход нь дургүй байсан. Тиймдээ ч намын даргын сонгуулийн сунгаад УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланд ялагдсан. Унасан хүн ууртай гэгчээр Ерөнхийлөгч дээр дахин хадаг барин очсон ч амжилт ололгүй дөнгөн дангах Засагтайгаа үлдсэн. Одоо харин түүнд дахин боломж байгаа юу гэдэг эргэлзээтэй.
Юм бүхэн дээр Ерөнхийлөгч түүнийг хамгаалж үлдэх нь юу л бол. Харин шинээр сонгогдсон намын даргын байр суурь бас анхаарал татах өнцөг.
Мөн өнгөрсөн хугацаанд хийсэн түүний улс төрийн тоглолт бүр нэмэх оноо бус хасах оноог цуглуулсаар байгаагийн нэг илрэл бол түүний өнгөрсөн долоо хоногт гаргасан дэд сайд нарыг томилох шийдвэр ийнхүү “хойдохыг” нь унших хэмжээд хүргэж байна.
Сөрөг хүчний базаа
Гурван сонгуулийн цикл дараалан ялагдал хүлээсэн АН-ын тухайд дотоод эв нэгдлээ хангаж чадсан нь хамгийн том амжилт байсан. Тиймдээ ч өнгөрсөн сонгуулийн дараа Засгийн газарт хамтрах хэмжээний эрх мэдэл, нөлөөг олж авч чадсан. Мөн олон жил гудамжинд лааз өшиглөсөн намын хэдэн гишүүдээ хяналтын, бүтээмжийн менежер гэдэг нэрийн дор ажил албатай залгуулаад байсан.
Тиймдээ АН-ын экс дарга Л.Гантөмөр “Хяналтын болон бүтээмжийн менежерүүдийг ажлаас нь халвал Ерөнхйи сайдын арьсийг авчинө” гэж хэлж байсан. Мөн одоогийн АН-ын дарга О.Цогтгэрэлийн хувьд АН-ыг засагт хамтрахыг анхнаасаа эсэргүүцсэн байр суурьтай байснаа удаа дараа илэрхийлсээр ирсэн.Тэгвэл энэ удаад арьсаа хуулуулах ажлаа эрх баригчид өөрсдөө хийсэн нь угаас анаж байсан сөрөг хүчний улс төрийн нэг акц болон хувирч байна.
УИХ-д 42 суудалтай улс төрийн нам Засгийн газрыг огцруулах бичигт Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг буюу 32 гарын үсгийг цуглуулах бол тийм ч зовоод байх зүйл биш. Тэр дундаа намын дарга нь өөрийн баланк дээр эхлүүлсэн бол бүүр ч тодорхой. Тиймээс ядах юмгүй УИХ-ын босго давна. Түүнээс өмнө Г.Занданшатар сайд ямар нүүдэл хийх вэ гэдэг анхаарал татсан хэвээр байна.
Хуваагдсан МАН
Харин нэгдмэл байдлаа хэдийн алдсан эрх баригч намын лидерүүд үнэхээр гар барисан уу эсвэл өнгөн дээрээ гар барисан уу гэдэг энэ удаагийн Засгийн газрын огцролт дээр тод харагдана.
Өөрөөр хэлбэл өөрийн намын байгуулсан Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд энэ удаад сөрөг хүчинтэй нэгдэж Г.Занданшатарыг унагаж хослоо тайлах уу эсвэл Ерөнхийлөгч, намын дарга Н.Учрал хоёрын зуултад орохоос эмээн хойшоо суухуу гэдэг энэ удаагийн Засгийн газрыг огцруулах акцийн хамгийн чухал хэсэг юм.
Юутай ч ирэх долоо хоногт намырн чуулган хаана. Түүнээс өмнө Засгаа дахин бүрдүүлэх ажил эрх баригчдад тулгарах бий дээ.