Ерөнхий сайд Г.Занданшатар ханиад, томуугийн шинжилгээ болон эмчилгээний зардлыг бүрэн даатгалд хамруулах асуудлыг судлан танилцуулахыг үүрэг болгов

Р.Ханджав
2025/11/24

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв болон БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт сүүлийн 24 цагт 538 хүүхэд иржээ. Үүний 80 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байна. Яаралтайгаар ирж буй дийлэнх хүүхдэд өндөр халуурсан, гүйлгэсэн, суулгасан, бөөлжсөн зэрэг шинж тэмдэг илэрчээ. Эмнэлгийн ачаалал энгийн үеэс хоёр дахин нэмэгдсэн байна.

Томуугийн дэгдэлтийн үе тул нэг ээлжид 14 эмчийг хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт ажиллуулж байна. Гэсэн хэдий ч хүлээгдэл их байгааг иргэд хэлж байна. Эмнэлэг дамжин дугаарлаж явснаас үүдэж хүүхэд шокын байдалд орох, татах зэрэг тохиолдол их байгаа учраас ирсэн хүүхдүүдийг аль болох буцаахгүйгээр коридорт ор дэлгэж авч буйг тус төвийн эмч нар учирлалаа. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэг коридортоо 20 ор дэлгэжээ.

6 хүртэлх сартай нярай хүндрэх нь элбэг байна. Гүйлгэж, бөөлжсөн, амьсгалын дутагдалд орж хүндэрсэн тав хүртэлх насны 14 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Тэдний 11 нь ой хүрээгүй нярай хүүхэд байна.

БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн ачаалал ч мөн адил 2 дахин нэмэгджээ. БЗД 430 гаруй мянган хүн амтай. Нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 85 хувь нь хүүхэд байдаг. Өнөөдрийн байдлаар 252 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт өнгөрсөн шөнө 417 хүүхэд иржээ. Хоногт 242 хүүхэд ирдэг байсан бол ачаалал сүүлийн 24 цагт хоёр дахин нэмэгдсэн учир эмч, ажилчдын тоог 2-4 дахин нэмэгдүүлжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар 48 цагийн дотор ачаалал багатай эмнэлгүүдээс эмч нарыг дайчлах, АШУҮИС-тай хамтарч, резидент эмч нарыг ажиллуулахыг үүрэг болголоо. Мөн амбулаторийн цагийг сунгаж ажиллуулах, амбулатори дотор тусгай түр өрөө нээж, зөвхөн хүүхдүүдэд үйлчлэх зэргээр ээлжийн зохицуулалтыг шуурхай хийх зэргээр оргил ачааллын үе буюу 12 дугаар сараас өмнө нөхцөл байдалдаа тохируулж уян хатан зохицуулалт хийхийг санууллаа. Түүнчлэн ханиад, томуугийн гол шинжилгээ, тариа, эмчилгээний зардлыг ЭМД-д бүрэн хамруулах асуудлыг судлан танилцуулахыг холбогдох албаныханд даалгав.

Энэ жил томуугийн А хүрээний H3N2 вирус, амьсгалын замын синцитиаль вирус дэгдэж байгаа юм байна. Томуу, томуу төст өвчлөл өнгөрсөн 7 хоногоос 4 хувиар нэмэгдсэн төдийгүй нийт амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна. Томуу, томуу төст өвчин Улаанбаатар хотод алаг цоог дэгдэлттэй, эмнэлгүүдэд ачаалал нэмэгдсэн. Харин улсын хэмжээнд томуугийн идэвхжил нэмэгдэж буйг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Хүүхэд унтаарах, зовуурьтай тухгүй байх, уйлагнах, ойр ойрхон гүйлгэж, бөөлжих, 3-4 цагийн зайтай өндөр халуурвал яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөлөө. Дур мэдэж эм өгөхгүй байх, интернетээс зөвлөгөө авахгүй байхыг эмч нар онцгойлон анхааруулж байна.






0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо Өчигдөр
БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа 2026/07/12
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/07/11
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр н… 2026/07/11
"Мөнхөд орших Монгол" наадмын нээлт иргэдийг огшоолоо 2026/07/11
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БАЯР НААДМЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОЖ, НААДАМ… 2026/07/11
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ … 2026/07/11
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сур… 2026/07/11
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшү… 2026/07/11
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ 2026/07/10
Монгол-Солонгосын бизнес форумыг зохион байгууллаа 2026/07/10
БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий Ким Хе Гён "Чингис хаан" Үндэсний музейд… 2026/07/09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирлээ 2026/07/09
Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус х… 2026/07/08
Засгийн газар хуралдаж байна 2026/07/08
Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэллээ 2026/07/07
Наадмаар зургаан чиглэлд 32 автобус үнэгүй үйлчилнэ 2026/07/07
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион … 2026/07/07
ЗАСГИЙН ГАЗАР “100 ХОНОГ ДАХЬ 100 ЧӨЛӨӨЛӨЛТ”-ӨӨ ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ТАН… 2026/07/07