Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Хуулийн төсөл нь насны зохицуулалт, нас баталгаажуулалт, технологийн хамгаалалтыг хослуулан, хүүхдийн насанд тохирсон, аюулгүй оролцоог бүрдүүлэхэд чиглэж байна.
Тодруулбал, 13 нас хүрээгүй хүүхэд нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хориглож, 13–16 насны хүүхдийг хамгаалалтын тохиргоотой оролцуулах зохицуулалтыг тусгалаа.
Хэрэглэгчийн насыг баталгаажуулахдаа хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамтад нь хамгаалахад оршиж байна. Платформд хэрэглэгчийн хувийн мэдээллийг дамжуулахгүйгээр, тухайн насны шаардлагыг хангасан эсэхийг нотлох технологийн шийдлийг ашиглах зохицуулалт орууллаа.
Мөн хүүхдийн бүртгэлийн нууцлалыг анхнаас нь хамгаалах, хортой агуулга болон түүнийг санал болгох алгоритмыг хязгаарлах, танихгүй хүний харилцаанаас сэргийлэх, хэрэглээний хугацааг тохируулах, зөрчлийг хялбар мэдээлэх боломжийг үйлчилгээ эрхлэгчээр бүрдүүлнэ.
Эдгээр зохицуулалт нь цахим орчин дахь хүүхэд хамгаалал болон хувийн мэдээллийн аюулгүй байдлыг платформын технологи, тохиргооны тусламжтай хамгаалж, үйлчилгээ эрхлэгчийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгох цахим салбарын чухал алхам юм.
Түүнчлэн төр, үйлчилгээ эрхлэгч, эцэг эх, асран хамгаалагч, боловсролын байгууллагын хамтын оролцоог бэхжүүлж, хүүхдийн эрхийн зөрчил, эрсдэлийн талаарх мэдээлэл, гомдлыг хүлээн авах, шалгах, шийдвэрлэх үйл явцыг тодорхой болгохоор хуулийн төсөлд тусгажээ.