УИХ-ын гишүүд Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа ч сайжруулах хэд хэдэн зүйл байгааг хэлж, нарийн зохицуулалт тусгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Энэ талаар, УИХ-ын гишүүн Ч.Номин "Хуулийн зохицуулалтыг үндэстэн дамнасан компаниуд хүүхдийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээтэй уялдуулах шаардлагатай. Манай талаас утасны дугаараар дамжуулан гурван төрлийн сигнал хүргэхэд Мета хариу арга хэмжээ авах зохицуулалт хийсэн.
VPN-ийн асуудал зөвхөн Монгол Улсад тулгарч буй хүндрэл биш, дэлхий дахинд шийдвэрлэхэд төвөгтэй асуудал. Бид олон улсын 40 гаруй хуулийн жишгийг харьцуулан судалсан. Зарим улс 13 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг хязгаарлаж, 14–16 насанд тодорхой нөхцөлтэйгөөр ашиглуулах зохицуулалттай байдаг.
Австралид анх 16 нас хүртэлх хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлах зохицуулалт хэрэгжүүлсэн. Хэтэрхий хязгаарласан гэж үзээд 13 нас болгож бууруулсан. Үүний дараа өсвөр насныхны нийгмийн сүлжээний хаягтай байх үзүүлэлт 50 гаруй хувиас 42 хувь болж буурсан гэх эерэг үзүүлэлт бий. Мөн эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ нийгмийн сүлжээний сөрөг нөлөө, хууль бус хэрэглээний талаар ярилцах, ойлгуулах боломж нэмэгдсэн" гэв.