БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран зохион байгуулж буй Өвөрмонголын XIV соёлын өдрүүд энэ сарын 22-25-нд Улаанбаатар хотноо болно.
Тус соёлын өдрүүдийг зохион байгуулж буй үндэслэл, ач холбогдол, ерөнхий хөтөлбөр, онцлох арга хэмжээний талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Жы, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Мэдээлэл сурталчилгааны хэлтсийн дарга Ч.Энхтуяа, тус яамны Бодлого зохицуулалтын газрын шинжээч Д.Амарсанаа нарын албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл өглөө.
Соёл хүмүүнлэгийн харилцааг бэхжүүлэх талаарх хоёр орны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, ард иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх, хоёр орны найрсаг харилцааны олон нийтийн суурийг зузаатгах зорилгоор тус өдрүүдийг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү ажил нь Хятад, Монголын харилцааны чухал платформ, гүүр болон төлөвшөөд байна гэж БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Жы мэдээллийнхээ эхэнд онцлов.
“Нээлттэй байдлын шинэ боломжуудыг хуваалцаж, Тал нутгийн шинэ Торгоны замыг хамтдаа байгуулъя” уриан дор болох тус өдрүүдээр соёл, аялал жуулчлалын сурталчилгаа, цогц үзэсгэлэн, урлагийн тоглолт, дууны уралдаан, ном хэвлэлийн салбарын харилцаа, уран сайхны кино болон богино хэмжээний цуврал нэвтрүүлгийн үзвэр, шилдэг аудио-визуал бүтээлийн солилцоо, уламжлалт анагаах ухааны үнэ төлбөргүй үзлэг зөвлөгөө, албаны түвшний уулзалт хэлэлцээ зэрэг 12 үндсэн төрлийн 23 үйл ажиллагааг зохион байгуулах аж.
Энэ удаагийн соёлын өдрүүдийн нэг чухал ажил бол Өвөрмонголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтыг танилцуулах явдал гэнэ. Уг бүсийг энэ оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс албан ёсоор зарласан ба 23 дахь улсын зэрэглэлийн чөлөөт худалдааны туршилтын бүсэд тооцогдож буй. Энэхүү танилцуулгын үеэр тус бүсийн бүтээн байгуулалтын явц, бодлого, хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцуулах юм.
Соёлын өдрүүдийн нээлт энэ сарын 23-ны өдрийн 10:00 цагт Улаанбаатар зочид буудалд болж, соёл, аялал жуулчлалын салбарын танилцуулга, экологийн бүтээн байгуулалтын тухайбаримтат киноны үзүүлбэр, шилдэг дуу дүрсний бүтээлийн нээлт, богино хэмжээний кино, видеоны орчуулгын эрх, лиценз олгох ёслол, Хятадад суралцах сонирхолтой оюутнуудад зориулсан боловсролын үзэсгэлэн зэрэг зохиогдоно.
