Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэншийдвэрлэлээ.
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
“Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.
Энэ тогтоолын төсөл нь нийслэлийн хүн амын 2027 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах, улирлын шинжтэй үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор бэлтгэх нөөцийн мах бүрдүүлэх ажлыг тасалдуулахгүй зохион байгуулах зорилготой гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээллээ.

Нийслэлийн хүн амын 2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн мах бэлтгэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 20 аж ахуйн нэгж нийт 11.6 мянган тонн мах бэлтгэх хүсэлтээ Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлээд байна.
Тус тогтоолоор Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээний 2027 оны хаврын махны нөөцийг бүрдүүлэхэд бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд цахим төлбөрийн баримтын системд үндэслэн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээлийг банкны эх үүсвэрээр олгох ажлыг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нарт даалгалаа.

Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар эргэн төлөлтийн уян хатан хуваарь, барьцаа хөрөнгийн таатай нөхцөл бүхий санхүүгийн эх үүсвэрүүдээр аж ахуйн нэгжүүд богино хугацаанд санхүүжиж, хаврын улиралд хүн амын махны хангамж тогтвортой байх, үнийн хөөрөгдлөөс сэргийлэх нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.
Товч мэдээ
-“Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын зардалд шаардагдах 248 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Айчи-Нагоя-2026 Азийн XX наадамд Монгол Улсаас 31 спортын төрөлд 298 тамирчин, Азийн пара V наадамд спортын 10 төрөлд 43 тамирчин 19 дасгалжуулагч оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.

